BCH Гарьдын 22 дугаарын эзэн М.Тэлмэн фэйсбүүк хуудас дээрээ мэдэгдэл гаргажээ. Тодруулбал:
-Гарьд клубтээ баярлалаа!
2017 оноос хойш Гарьдын нэг хэсэг болж, энэ багтай хамт лигийн 2 удаагийн аварга хэмээх гайхалтай амжилтыг гаргасан аялал маань өнөөдөр дууслаа. Энэ он жилүүдэд миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүд болон хамгийн хүнд хэцүү үеүүдэд ч ард минь бат зогсдог байсан баг хамт олондоо үнэхээр хайртай шүү. Та бүхэнтэйгээ хамт ялалт, амжилтын төлөө тууштай зүтгэж, дурсамж дүүрэн он жилүүдийг өнгөрүүлсэн минь үүрд сэтгэлд минь хадгалагдах болно.
Одоо би өөртөө шинэ сорилт авч, дараагийн алхмаа хийхээр шийдлээ. Энэ бол зөвхөн миний шийдвэр тул баг хамт олон минь шийдвэрийг минь хүндэтгэнэ гэж найдаж байна. Онцгойлон энэ багийн түшиг тулгуур болсон Мөнхболд, Ууганбаяр ахааса сүүлийн улиралд нь хамт байж чадахгүй дээ уучлал хүсэж байна. Амьдрал дээр ч талбай дээр ч төрсөн ах нар шиг минь байдагт баярлалаа.
Мөн биднийг үргэлж дэмжиж ирсэн үе үеийн спонсор дэмжигч байгууллагууд болон үнэнч хөгжөөн дэмжигчиддээ бүгдэд нь баярлалаа. Та бүхний итгэл найдвар, дэмжлэгээр өдий хүртэл хөгжиж, олон сайхан амжилт үзүүлж ирсэн шүү.