NBA-гийн улирлын өмнөх тоглолтууд болж байгаа билээ. Өнөөдөр Финикс Санс, Лос Анжелес Лэйкерс багууд тоглов. Энэ үеэр NBA-гийн супер од, бүх цаг үеийн онооны лидер Леброн Жеймс өөрийн хүү Бронни Жеймстэй хамт талбайд гарав. Хэдий улирлын өмнөх тоглолт ч гэлээ аав хүү хоёр NBA-д хамтдаа тоглосон анхны тохиолдол болж байна. Энэхүү гайхалтай мөч Бронни Жеймсийн 20 насны төрсөн өдрөөр санамсаргүй тохиолдов. Гэлээ гэхдээ Леброн Жеймс ямарваа нэг зүйлийг урьдчилан төлөвлөдгөөрөө онцгой нэгэн. Тиймээс хоёр өдрийн өмнө болсон тоглолтод оролцолгүйгээр ийн Бронни Жеймсийн төрсөн өдрөөр хамт талбайд гарсан гэж мэргэжилтнүүд ярьж буй.
Өдгөө 40 нас хүрч, 22 дахь улиралдаа NBA-д тоглож байгаа Леброн Жэймс өөрийнхөө хүүтэй хамт тоглох мөрөөдлийнхөө талаар олон жил ярьсан. Бронни Жэймсийн хувьд Ж лигт түлхүү тоглох төлөвтэй байгаа ч Лэйкерсийн дасгалжуулагч ЖЖ Реддик аав хүү хоёрыг улирлын тоглолтод тун удалгүй хамт харах болно гэж мэдэгдсэн.