Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Улсын Филармонийн Морин хуурын найрал хөгжим, Үндэсний Урлагийн Их театр болон ДБЭТ-ын уран бүтээлчид Туркменистан Улсын үндэсний чуулгатай хамтарсан тоглолтыг зохион байгууллаа.
Уг тоглолтод ССАЖЗ-ын сайд Ч.Номин, Туркменистан Улсын Шадар сайд Мамедова Мяхриджемаль Мекандурдыевна болон албаны төлөөлөл оролцлоо.
Хамтарсан тоглолтыг нээж ССАЖЗ-ын сайд Ч.Номин:
"Энэхүү тоглолтын үеэр Та бүхэнд морин хуурын найрал хөгжмийн "Монголын сайхан орон" бүтээлээр дамжуулан талын нүүдэлчдийн мянга мянган жилийн соёлын өв, хүн байгаль хоёрын шүтэлцээг илэрхийлэх үндэсний хөгжмийн гайхамшгийг толилуулах болно.
ЮНЕСКО-гийн "Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт"-д бүртгэгдсэн морин хуур, үндэсний болон сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг Та бүхний сонорт хүргэхэд бэлэн болоод байна.
Морин хуурын найрал нь дэлхийн олон орны нэр хүндтэй театр болон концертын танхимд тоглолтоо хийж, мянга мянган үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, халуун талархал хүлээж байсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Манай хоёр улс газар зүйн зурагт алс хол мэт харагдавч, хамтдаа бичсэн түүхэн туршлага, нүүдлийн соёл, иргэншлийн уламжлалыг хадгалсан нийтлэг үнэт зүйлс Та биднийг ойр дөт байх гүүр болж, соёл, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж ажиллах үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Хамтарсан тоглолтод монголын талаас “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулж, хоёр улсын уран бүтээлчид хамтран Чингисийн хоёр загал, Сэрсэн тал, Ашгабат зэрэг хоёр орны ард олны сэтгэл зүрхэнд хоногшсон уран бүтээлүүдийг тоглолоо.
Энэхүү арга хэмжээ нь Монгол, Туркменистаны ард түмнийг улам ойртуулан соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ хоёр орны найрамдалт харилцааны нэгэн чухал бэлэг тэмдэг болсон үйл явдал боллоо.