ОХУ-ын халим ажиглагч Михаил Пичугин хэмээх 46 настай эр хоёр сарын турш далайд хөвсний дараа амьд олдсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Тэрээр хоёр хамаатныхаа хамт энэ оны наймдугаар сарын есний өдөр Хабаровск мужийн Перовскийн хошуунаас Сахалин арлыг зорин хөдөлсөн ч, сураггүй алга болсон байна. Эрлийн баг тухайн үедээ тэднийг хайсан ч олж чадаагүй ажээ.
Пичугин 67 өдөр задгай далайд хөвсний эцэст нэгэн загасчилж явсан завь түүнийг олж харан, аварсан байна. Тэрээр анх хөдөлсөн газраасаа 1000 гаруй км-ийн зайнд олджээ.
Түүний завин дээр нас барсан хоёр хамаатных нь цогцос байсан бөгөөд тэрээр биеийн жингийнхээ хагасыг алдсан байсныг Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Ахлах эмч Юрий Леднев түүнийг шингэний дутагдал болон гипотерми өвчтэй байгаа ч биеийн байдал нь тогтвортой байгаа гэв.
Пичугин аврагдсаныхаа дараа ярихдаа: “Бурхан надад тусалсан. Өөрөөр тайлбарлах аргагүй. Би борооны усыг цуглуулж уусан. Бас надад монгол тэмээний ноосон унтлагын хөнжил байсан тул хүйтэн, шуургатай цаг агаарыг давж гарч чадсан” гэжээ.
Эх сурвалж: BBC