“One Direction” хамтлагийн гишүүд Liam Payne-ний нас барсан харамсалтай үйл явдалд гашуудаж буйгаа илэрхийлэн пүрэв гарагт нэгдсэн мэдэгдэл хийв.
Тэд хамтлагийнхаа Инстаграм хуудсанд нийтэлсэн уг мэдэгдэлд, “Түүнтэй хамт байсан дурсамжаа бид үүрд нандигнан хадгалах болно. Бидний зүрх сэтгэл түүний хайртай гэр бүл, найз нөхөд, фенүүдтэй хамт байна. Бид түүнийг маш их санаж байна. Чамд хайртай шүү, Liam.
Ирээдүйд илүү зүйл хэлэх боломжтой болох байх. Харин одоогоор бидэнд хайртай ахынхаа төлөө гашуудах цаг хэрэгтэй” гэжээ.
Payne өнгөрсөн лхагва гараг Аргентины Буэнос Айрес дахь зочид буудлын гурван давхрын балконоос унаж амиа алдсан юм. Тэрээр 31 настай байсан.
Цагдаа нар уг хэргийг мөрдөн шалгаж байна хэмээн Буэнос Айресын цагдаагийн газраас мэдэгдэв.
Эх сурвалж: CNN