Филиппин улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдсан "АММА Manila Open" холимог тулааны спортын олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
Ази тивийн 15 орны шилдэг холимог тулаанчид модерн болон уламжлалт гэсэн 2 төрлөөр тэсвэр тэвчээр, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Монгол эх орноо төлөөлөн 5 тамирчин энэ тэмцээнд оролцсоноос уламжлалт төрлийн -120 кг-н жинд Ч.Хатантөмөрболд мөнгөн медаль, модерн төрлийн -56 кг-д Д.Адъяахүү, -96 кг-д холимог тулааны ОУХМ Э.Мөнгөншагай нар тус тус хүрэл медалийн болзол хангаж Алтан соёмбот Төрийн Далбаагаа Манилагийн тэнгэрт мандууллаа.
Харин уламжлалт төрлийн эрэгтэй -60 кг, эмэгтэй -60 кг-д тулалдсан Г.Нанжид, Б.Алтанчимэг нар шагналт V-р байранд орсноор тэмцээнээ өндөрлүүлсэн. Эдгээр тамирчид 2024 оны Холимог тулааны Насанд хүрэгчдийн УАШТ-д оролцон түрүүлснээр олон улсын тавцанд эх орноо төлөөлөн тулалдах эрхтэй болсон юм.
Багийн дүнгээр Монголын баг 8-р байранд эрэмбэлэгдэж AMMA буюу Азийн Холимог Тулааны Холбооны чансаагаа ахиуллаа.
"Manila Open"-д оролцсон баг тамирчдыг Монголын Холимог Тулааны Холбооны (МХТХ) дасгалжуулагч, МУГД Г.Дашдаваа ахлан оролцсон. Мөн МХТХ-ны шүүгчдийн зөвлөлийн гишүүн Ч.Бат-Амгалан тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд урилгаар багтан ажилласан юм.
Одоо Монголын холимог тулааны шигшээ багийг Узбекистан улсын нийслэл Ташкент хотод 11 сард зохион байгуулагдах Залуучууд, Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.