Цаг үеийн мэдээ

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 118 дахь удаагийн ээлжит барилдаанд 480 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Түргэн сумын харьяат, Алдар спорт хороо, Увснуур дэвжээний бөх, сумын баяр наадмын 2 түрүүтэй заан Батбаатарын Цагаанбанди 9 даван анх удаагаа түрүүлж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Хилчин спорт хороо, "Хангалын бор овоо" ХХК, Өнө мөнх констракшн, "Таванхан" дэвжээний бөх, сумын баяр наадмын 3 түрүүтэй заан Амарсанаагийн Амархүү хоёр дахь удаагаа үзүүрлэв. 

Дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, "Өлзийт дөрвөн бэрх" ХХК-ийн бөх, сумын баяр наадмын 6 түрүүтэй, "Тэмээ өргөдөг заан Ш.Эрдэнэбаяр, Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, Сүлд спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан Г.Пүрэвбаатар нар шалгарлаа. 

Наймд Хэнтийн сумын заан Н.Идэрбат, Ховдын сумын заан О.Чадалбат, Архангайн сумын заан Б.Орших, С.Бат-Эрдэнэ нар үлдэв. 

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог "Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал"-ыг Төв аймгийн Заамар сумын харьяат, сумын заан Б.Ган-Эрдэнэд, "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал"-ыг Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, сумын заан Б.Оршиход тус тус олгов. Шагналыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ҮБХ-ны тэргүүн А.Ганзориг, мөн тус сумын харьяат, бизнес эрхлэгч, бөхийн хорхойтон Б.Баатархүү нар уламжлал ёсоор олгосон юм. 

Мөн "Уран барилдааны тусгай шагнал"-ыг Архангай аймгийн Цэнхэр сумын заан С.Бат-Эрдэнэд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан "аранзан" хэмээх Ц.Гомбодоржийн охин Г.Орхонсэлэнгэ гардууллаа. Уг шагналыг тэгш тоотой сар бүрд олгохоор шийдвэрлэсэн байна. 

Мөн шөвгийн дөрвөн бөхөд Сүлд телевиз уламжлалын дагуу өөрийн бай шагналыг гардууллаа. 

Дараагийн барилдаан 10-р сарын 27-ны ням гарагт 13:00 цагаас Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ. 

Таны сурталчилгаа