Цаг үеийн мэдээ

2012 оны NBA-гийн драфтын 36 дахь сонголт, Индиана Пэйсэрс, Сакраменто Кингс, Финикс Санс, Нью Орлеанс Пеликанс багуудад хүчин зүтгэж байсан Орландо Жонсон энэ жил Монголын сагсанбөмбөгийн дээд лигийн Завхан Бродерс багийн төлөө тоглож байгаа билээ. Тэрээр Пол Жорж, Демаркус Казинс, Энтони Дэвис зэрэг NBA-гийн супер ододтой мөр зэрэгцэн тоглож, дэлхийн хамгийн өндөр түвшний лигт өөрийн гэсэн байр суурийг эзэлж явсан билээ. Түүнээс Монголын лигийн талаарх сэтгэгдлийг нь сонслоо.

-Өмнө нь Монголын талаар ямар төсөөлөлтэй байсан бэ?

-Өмнө нь Монголын талаар төсөөлөлгүй байсан. Сонсож байсан ч яг ямар улс орон байдаг талаар төсөөлөл байгаагүй. Учир нь Монголын талаарх мэдээлэл бараг байгаагүй. Ирснээс хойш энэ улс таалагдаж байгаа. Соёлын хувьд ч таатай юм. Шинэ улсад ирээд шинэ багт тоглох боломж олдсонд баяртай байна. Монгол их сайхан орон. Ирэх боломж гарсанд баяртай байна. Сагсанбөмбөгийн хувьд ч үнэхээр таатай улс.

-Үндэсний дээд лигийн түвшнийг хэрхэн харж байна вэ?

-Монголын багууд болон тоглогчид өндөр түвшинд тоглох боломж байна. Тоглогчдын ерөнхий чадвар сайн юм. Тэд үнэхээр сайн шидэж байна. Дан ганц шидэлт гэлтгүй олон талаараа сагсанбөмбөг энэ улсад хөгжиж байгааг харах сайхан байна. Монголын сагс цаашид өшөө илүү өсөж, дэвжих байх. Үүнд лиг чухал нөлөөгөө үзүүлнэ. Энэ хөгжил дэвшлийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн тоглолтыг үзэхээр маш олон хөгжөөн дэмжигчид иржээ. Хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал нь гайхалтай юм.

-NBA-д тоглож байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-NBA-д би олон сайн туршлагыг өөртөө хуримтлуулсан. NBA-д тоглох нь гайхалтай сайхан цаг үе байлаа. Тэнд олон сайхан дурсамж үлдээсэн.

-Тоглолтод сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Тоглолтын өмнө сэтгэлзүйгээ бэлдэх чухал байдаг. Би тоглохынхоо өмнө гэр бүлтэйгээ утсаар ярьдаг. Хөгжим сонсож, ном уншихаас гадна талбай дээр гараад яаж тоглохоо төсөөлдөг. Шидэлт, дамжуулалт гээд тоглолтын хэсгүүдээ нэг бүрчлэн төсөөлдөг.

Таны сурталчилгаа