Монголын үндэсний олимпын хорооноос Хүүхэд залуучуудад спорт, олимпизмыг сурталчлах, алдарт тамирчдаараа бахархаж эх оронч үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор “Спортын алдартан бидний бахархал” сэдэвт уулзалт - ярилцлагыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 69-дүгээр сургуульд уг үйл ажиллагаа боллоо.
Уулзалтад “Бээжин -2008” зуны олимпын наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, “Токио -2020” зуны олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг нар оролцож хүүхэд залуучуудтай спорт, амьдралын замналаасаа хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлэв.
Энэ удаагийн зочид “Спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг өөртөө тогтоож, хүсэл зорилгынхоо төлөө тууштай байгаарай” хэмээн уулзалтад оролцсон нийт сурагч, багачуудад зөвлөв.
МҮОХ-ноос энэхүү үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан ажиллана.