Мобиком корпорацаас зохион байгуулсан “Smart education IV" эвентийн үеэр Дугуйтай аялагч Б.Очирваанийн "Мөрөөдөл яагаад чухал вэ?" илтгэлийг хүргэж байна.
Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би өнгөрсөн нэг жилийн хугацаанд 20 улсаар дамжин 14 мянган км замыг дугуйгаар туулан, Английн Манчестер хотод очиж өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлсэн. Яг одоо би Турк улсад өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж хайртай багуудынхаа тоглолтыг үзэхээр ирсэн байгаа тул та бүгдтэйгээ видео бичлэгээр уулзаж байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ хүн бүрийн зүрх сэтгэлийн хамгийн гэгээн хэсэг болох мөрөөдлийн талаар ярилцах болсондоо үнэхээр баяртай байна. Миний бичлэгийг үзэж буй хүүхэд бүр өөрсдийн зорьж тэмүүлсэн хүсэл мөрөөдөл, зорилго байгаа гэж бодож байна. Эмч, зураач, эрдэмтэн, тамирчин, жүжигчин эсвэл бүр дэлхийгээр аялахыг хүсэж мөрөөддөг хүүхдүүд ч байгаа. Миний хувьд мэргэжлийн хөлбөмбөгчин болж Английн Манчестер хотод тоглохыг мөрөөдөж ирсэн. Би өөрийнхөө хүсэл мөрөөдлийг үргэлж биелсэн мэтээр төсөөлдөг байлаа. Зөвхөн хүсэж мөрөөдөх нь хангалттай биш гэдгийг маш эрт ойлгосон. Тийм учраас өглөө бүр 06:00 цагт босож, нэг ч өдөр алгасалгүй бэлтгэл хийж эхэлсэн. Энэхүү тууштай хөдөлмөр минь намайг маш олон амжилтуудад хүргэж, гайхалтай үр дүнгүүдийг гаргаж байсан ч бүх зүйл төсөөлсний дагуу болоогүй. Цаг хугацаа явахын хэрээр мэргэжлийн хөлбөмбөгчин болж Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд тоглох мөрөөдөл минь багасаж байсан. Тийм учраас тамирчин хүний хөлс, хүч хөдөлмөрөөр бүхнийг даван туулж, өөрийнхөө тоглохыг хүсэж байсан цэнгэлдэх хүртэл ямар нэгэн гайхалтай зүйл хийхийг зорьж эхэлсэн. Ингэж л миний 20 улсыг дамжин 14 мянган км замыг туулах дугуйн аялал минь эхэлсэн.
Энэхүү аялал минь эхлэхэд миний хувьд ямар ч туршлага байгаагүй. Маш олон хүн надаас өмнө нь дугуйтай аялж байсан уу? Ямар нэгэн аяллын туршлага бий юу гэж асуусан. Би дугуйн аяллаа 14 хоногийн хугацаанд л төлөвлөж шийдсэн. Би хол замд бүү хэл 5 км зам ч дугуйтай туулж үзээгүй байсан. Гэхдээ миний итгэлтэй байсан ганц зүйл нь 10 жилийн хугацаанд бэлтгэл хийж, тамирчин хүний сэтгэл зүйгээ бэлдсэн учраас шууд эхэлсэн. Энэхүү аялал минь яг миний төсөөлж бодсоны дагуу өрнөөгүй. Аялалд минь дугуй авахаас авхуулаад нар салхи, бороо, өндөр уулс гээд маш олон асуудал бэрхшээл байсан. Энэ болгоныг даван туулсаар эцэстээ нэг жилийн хугацаанд би зорьсон зорилгодоо хүрч чадсан. Энэ аялал минь яг л минийх юм шиг, миний зорилгыг биелүүлэхийн төлөө дэлхий ертөнц эргээд байгаа юм шиг тийм гайхалтай үлгэрийн юм шиг санагдаж байсан.
Эцэст нь зорьсон зорилгодоо хүрч өөрийнхөө шүтэж, үлгэр дуурайл авдаг, шүтэн биширдэг тамирчинтайгаа уулзсан. Тэр мэдрэмж үнэхээр гайхалтай мэдрэмж байсан. Мөрөөдөж эхэлсэн цагаасаа хойш мөрөөдлөө биелүүлэх хүртэл дуслуулсан хөлс хүч минь маш үнэ цэнтэй санагдаж, тэр их баяр хөөр нулимс болж гардаг юм билээ.
Энэхүү гайхалтай аяллаасаа, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн туршлагаасаа олж авсан гурван зүйлийн талаар та бүгддээ хуваалцъя.
Нэгдүгээрт, хүн өөрөө өөртөө л хамгийн том айдас, хамгийн том ханыг бий болгодог.
Хийе гээд зориглоод алхам хийх юм бол хорвоо ертөнц тэр чигтээ үүд хаалгаа нээх юм шиг санагдсан. Тийм учраас миний урдах замд таньдаг нэг ч хүн байхгүй хэр нь маш олон гайхалтай хүмүүс орж ирснээр энэ аяллаас хамгийн том урам зоригийг авч байсан. Хэрвээ та төсөөлж чадаж л байвал хүрч чадах учраас үүнийг санаад мөрөөдлийнхөө төлөө зоригтой алхам хийгээрэй.
Хоёрдугаарт, эерэг хандлага
Эерэг хандлагатай байх нь бүх зүйлийг өөрийн талд өөрчлөх боломжийг бий болгодог. Миний туршлагаас харахад аяллынхаа турш би дандаа эерэг зүйлийг бодож, эерэг зүйлийг хийж, асууж байсан болохоор надтай уулзсан хүмүүс ч дандаа сайн сайхан хүмүүс байсан. Миний уулзсан, харсан, ярьсан хүн болгон дандаа эерэг байсан. Эерэг байснаар та өөр рүүгээ дандаа сайн сайхан зүйлийг татдаг гэдгийг ойлгосон. Тиймээс та бүхэн хүсэл мөрөөдөлдөө асуудал дэвшүүлэх гэхээсээ илүү дандаа эерэг байдлаар хандаж, гарц гаргалгаа, шийдлийг сайн сайхан зүйлсээр бодож байгаарай.
Гуравдугаарт, тууштай байдал
Мөрөөдөл биелдэг биш мөрөөдлийг биелүүлдгийг санаарай. Та хүсэл мөрөөдлийнхөө төлөө сахилга баттай, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ мэдээж амархан байхгүй. Хэцүү байх болно. Гэхдээ хэцүү ч урагшлах нь чухал. Та ууланд авирч байна гээд төсөөлөөд үз. Эхлээд эрч хүчтэй урам зоригтой эхэлнэ. Оргил руу дөхөх тусам та ядарна, сульдана. Магадгүй оргилд нь хүрч чадахгүй юм шиг мэдрэмж төрөх болно. Энэ л үед тууштай байдал танд туслах болно. Алхам алхмаар удаанаар ч хамаагүй урагшилсаар байвал оргилд нь хүрэх болно. Яг үүнтэй адил хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж байгаа хүн бүр хэцүү бэрхшээл тохиолдсон ч алхам алхмаар урагшилсаар байвал таны хүсэл мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелэх болно. Одоо танаас нэг зүйл асууя.
Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
Таны дотор ямар нэгэн онцгой зүйл оршиж байгаа. Түүнийг дэлхий ертөнц харах ёстой. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх зам амаргүй. Гэхдээ агуу амжилт бүхэн таны дотор байгаа хүсэл мөрөөдлөөс эхэлдэг гэдгийг санаарай. Алхам алхмаар тууштай хөдөлмөрлөж, эерэг хандлагатай байж, шаргуу хөдөлмөрлөснөөр хэзээ нэгэн цагт та зорьсондоо хүрэх болно.
Баярлалаа. Та бүхний мөрөөдөл таныг хаана хүргэхийг харахыг тэсэн ядаж хүлээж байна. Бүгдэд нь амжилт хүсье.
С.ОТГОНБАЯР
2024-10-29
Гайхамшигтай. Залуу хүүд улам их амжилт хүсье. эх