Энэ сарын 26-ний өдөр БНСУ-д “Монгол гэр бүл” өдөрлөг боллоо. Уг арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа газрууд хамтран зохион байгуулсан.
“Монгол гэр бүл” өдөрлөгийн үеэр салбарын үйл ажиллагааг сурталчлан, тус улсад оршин сууж буй иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээний талаар мэдээлэл хүргэсэн юм.
БНСУ-д манай улсын 56 мянга орчим иргэн оршин суудаг. Үүнээс 17 мянга гаруй иргэн нь визний зөрчилтэй буюу хууль бусаар хөдөлмөр эрхэлж байна.
Сурах буюу оюутны визний ангилалтай 14 мянган залуус байгаагийн 5400 нь хэлний курст сурдаг. Хэлний курсийн оюутнууд үргэлжлүүлж их сургуульд суралгүй, цаашдаа хөдөлмөр эрхлэн визний зөрчилтэй иргэдийн тоог нэмэх хандлагатай байгаа талаар Монгол Улсын Элчин сайдын яамнаас танилцуулж байлаа.
2022 оноос манай улсын иргэд БНСУ-д гэр бүлээрээ зорчих нь нэмэгджээ. Тус улсад оршин сууж буй монгол иргэдийн 15 орчим хувь нь гэр бүлээрээ байдаг судалгааг гаргажээ.
Манай улсын 8000 гаруй хүүхэд БНСУ-д амьдардаг. Хоёр улсын хэл, соёлын ялгаа зэргээс шалтгаалж суралцахад багагүй бэрхшээл үүсэж, зарим хүүхдүүд хичээл завсардах тохиолдол ч гардаг гэнэ. БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй “Монгол-Солонгос”-ын сургуульд 300 гаруй хүүхэд суралцаж байна. Сургуулийн тоог цаашид нэмэх шаардлага байгааг албаны хүмүүс хэллээ.
БНСУ-д оршин сууж байгаа иргэдийн дийлэнх нь нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагддаггүй байна. Тус улсад оршин сууж буй 56 мянган иргэний 2000 орчим нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Сайн дураараа даатгал төлж байгаа 1200 гаруй иргэн л байдаг нь тун хангалтгүй үзүүлэлт юм. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалын зарим үйлчилгээг цахимаар авах боломжтой.
Мөн үйлдвэрийн осолд орох, өвдсөн тохиолдолд харьяаллын дагуу эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн хуудсаа аваад, монгол руу илгээж хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжтой. Мөн Жирэмсэн болон амаржсаны мөнгөө ч ийм байдлаар авах боломж байгаа юм.
“Монгол гэр бүл” өдөрлөгийн үеэр төрийн үйлчилгээг сурталчилж, гаднын улсад байгаа иргэдтэйгээ уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч байх нь чухлыг БНСУ-д суугаа Монгол иргэд хэлж байлаа.