Элчин сайд М.Игавахара Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржтой уулзаж, санал солилцов. Уулзалтын эхэнд орлогч даргын зүгээс Өмнөговь аймагт уул уурхайн бүтээн байгуулалт өрнөн, эдийн засаг хөгжихийн хэрээр байгаль орчин доройтож, цөлжилт эрчимтэй явагдаж буй болон байгаль орчноо сайжруулахаар аймгийн хэмжээнд ойжуулалтын ажлыг идэвхтэй хийж байгаа тухай танилцуулав. Мөн энэ удаад Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр Сэврэй сумын нутаг дэвсгэрт “Монгол орны өмнөд бүсийн заган ойг нөхөн сэргээх төсөл”-ийг хэрэгжүүлэх болсныг аймгийн зүгээс талархан хүлээн авч, цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн бол Элчин сайд М.Игавахара, дээрх төсөл нь 2022 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн үеэр баталсан ирэх 10 жилийн хоёр орны “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжин, Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, Өмнөговь аймгийн байгаль орчныг сайжруулахад хувь нэмэр болохын зэрэгцээ цаашид хоёр орны хамтын ажиллагаа Өмнөговь аймагт өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн энэ үеэр Элчин сайд “Ойска агропарк”-ийн үйл ажиллагаатай танилцав. Энэхүү агропаркад хүлэмжийн ногоо, жимс жимсгэнэ тарихаас гадна 50 га талбайд ойжуулалтад зориулсан тарьц, суулгац зэргийг ургуулж байна. Японд хөдөө аж ахуйн чиглэлээр сургалтад хамрагдсан залуус ажилладаг тус агропаркийг Өмнөговь аймаг болон “Монгол орны өмнөд бүсийн заган ойг нөхөн сэргээх төсөл”-ийн хэрэгжүүлэгч “Ойска Монгол” ТББ хамтран ажиллуулдаг байна.