Цаг үеийн мэдээ

Олимпын бус жингийн Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тирана хотноо энэ сарын 28-наас 31-ний өдрүүдэд үргэлжилнэ. 

Монгол Улсаа төлөөлөн эмэгтэйчүүдийн 59  кг-ын жинд өрсөлдсөн "Ташкент-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, “Лас- Вегас-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг,  “Алдар” спорт хорооны тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд финалдлаа.

Манай тамирчин  эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, үргэлжлээд Канадын Борегар Лоренсийг 8:8 -аар ялж 1/8-д Азербайжаны Алена Колесникийг  9:0 харьцаатай ялж  ¼ шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 харьцаатай  буулган авч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 жилийн дараа дахин финалдлаа. 

Тэрээр аваргын алтан медалийн төлөө Японы олимп, дэлхийн аварга Рисока Кавайтай барилдана. 

Сонирхуулахад одоогоос 10 жилийн өмнө  “Лас-Вегас-2015”  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  С.Батцэцэг гавьяат 62 кг-ын жинд Кавайтай финалдан ялж дэлхийн хошой аварга болсон түүхтэй. 

Мөн энэ  өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүч үзсэн үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.  Медалийн төлөөх барилдаанууд манай цагаар 10 -р сарын 31-нд 00:30 минутаас болно.

Таны сурталчилгаа