Монголбанк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран Монгол Улсад “WE Finance code” санаачилгыг хэрэгжүүлэх санамж бичигт 2024.10.24-ний өдөр гарын үсэг зурлаа.
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах нь Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх гол түлхүүр бөгөөд WE Finance Code-ийн тусламжтайгаар талууд бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгохын тулд санхүүгийн салбарт хамтран ажиллана. Энэхүү санаачилга нь санхүүгийн хүртээмжийг ахиулах, эрх тэгш ирээдүйг бий болгохын төлөөх бидний хамтын зүтгэлийг бататгаж байна.
Дэлхийн банкнаас бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг “We-Fi” (Women’s Entrepreneurs Finance Initiative) хөтөлбөрийн хүрээнд ЕСБХБ нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой статистик мэдээ цуглуулах, тоон мэдээлэлд үндэслэн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих зорилт бүхий “WE-Fi Code” санаачилгыг эхлүүлсэн. Анх Англи улсад амжилттай хэрэгсэн тус санаачилгад эдүгээ дэлхийн 14 улс орон нэгдээд байна.
Санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсад дээрх санаачилгыг хэрэгжүүлэхэд Монголбанк манлайлан оролцох бөгөөд талууд хамтран эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн тоон мэдээлэл, статистик тайлангийн давтамж, чанарыг сайжруулах, түүнд үндэслэн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжихэд бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.