Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЕТГ-ын дарга Г.Занданшатар:
-Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, "Монгол бахархлын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хууль тогтоомжийн дагуу,
Нэгдүгээрт, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан дотоодын иргэнийг,
Хоёрдугаарт, дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг шагнаж алдаршуулж, Чингис хааныхаа нэр алдрыг дэлхийд дурсгаж байхаар холбогдох хууль тогтоомжоор шийдүүлсэн. Үүний дагуу дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан НҮБ-ын 8 дахь ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг Чингис хааны одонгоор шагнахаар шийдвэрлэсэн. Бан Ги Мүн БНСУ-ын гадаад харилцааны сайдаар ажиллаж байх даа Монгол, Солонгос улсын харилцааг стратегийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. 2009 онд Монгол Улсад айлчилж, хоёр улсын иргэд, хүмүүнлэгийн харилцаа болон эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Хоёрдугаарт, НҮБ болон Монгол Улсын харилцааг шинэ шатанд гаргаж, НҮБ Монгол Улсын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болохыг нотолж, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд олон зуун сая ам.долларын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, далайд гарцгүй орнуудын төвийг Монгол Улсад байгуулж, Монгол Улсын тээвэрлэлт, эдийн засаг, геополитикийн газарзүйн онцгой нөхцөл байдалтай уялдуулан дэмжлэг үзүүлсэн.
Гуравдугаарт, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх цөлжилтийн эсрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжиж ирсэн. Ганцхан жишээ дурдахад “Бан Ги Мүн” сангийн санаачилгаар Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан “Ногоон хөгжлийн сан” Монгол Улсад 470 сая долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг олгож, төслүүд хэрэгжиж эхлээд байна. Бан Ги Мүний тэргүүлдэг “Global green growth” институт нь Монгол Улсад 100 гаруй сая долларын буцалтгүй тусламж, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Үүгээр зогсохгүй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, Монгол Улсын цэнхэр дуулгатнууд, НҮБ-ын харилцаа шинэ шатанд гарсан. Монгол цэргийн дэлхийн энх тайвны үйлсэд оруулах хувь нэмэр ихээхэн өргөжсөн.
Дөрөвдүгээрт, Бан Ги Мүн нь дэлхийн түвшинд НҮБ-ын шинэчлэлийг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван аюулгүй байдлыг тогтоож ирсэн. 10 жил НҮБ-д ажиллахдаа дэлхийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Хүний эрхийн чиглэлээр нэн ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хийсэн. НҮБ-ын эмэгтэйчүүдийн хороог байгуулахаас эхлээд олон санаачилгуудыг хэрэгжүүлсэн байдаг. Тогтвортой хөгжлийн зорилтыг баталж, дэлхийн бүх улсын удирдагч нар 2030 он хүртэл хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Мөн тэрээр Парисын хэлэлцээрийн гол автор санаачлагч, хэрэгжүүлэгч юм. Хоёр улсын харилцаанд төдийгүй дэлхий нийтийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж, эзэн "Чингис хаан" одонгоор НҮБ-ын найм дахь нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг шагнахаар шийдвэрлэсэн" хэмээсэн юм.