Цаг үеийн мэдээ

Эрчим хүчний үнэ нэмэгдүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.  

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Бид эр зориг гаргаж, тулгамдаад буй ужгираад байгаа тогтолцооны өөрчлөлтийг, реформуудыг мөн томоохон бүтээн байгуулалтуудыг хамтдаа хийе гэсэн агуулгаар хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Хамгийн анхны суурь реформ бол эрчим хүчний реформ байх юм байна. 14 мега төслийн наймд нь 600 мвт-ын эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй. Цаашдаа 150 мянган өрхийг орон сууцжуулах хөтөлбөрөө бид зоригтой зарлаж байгаа. Гэтэл 150 мянган өрхөд шаардлагатай цахилгаан, дулааны эх үүсвэр байхгүй. Эдийн засгаа тэлээд явах уу, том бүтээн байгуулалтуудаа хийгээд явах уу, аль эсвэл өнөөдрөөрөө байх уу гэдэг сонголтын өмнө байна. Засгийн газар сонголтоо хийсэн. Эрчим хүчнийхээ реформыг эхлээд хийе.  

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Улс орны хөгжлийн үндэс суурь болсон эрчим хүчний салбарын реформын нэг чухал асуудал нь хуулийн шинэчлэл. Эрчим хүчний хуулийг 2001 онд анх баталсан. Тэр үед дөрвөн төрлийн зорилготой байсан. Нэгдүгээрт, бүтцийн өөрчлөлт хийсэн. Босоо бүтэцтэй байсан эрчим хүчний компанийг хэвтээ бүтэцтэй болгож дамжуулах, үйлдвэрлэх, түгээх гээд олон компани болгож салгасан. Хоёрдугаарт, Эрчим хүчний зохицуулах хороог байгуулж үнэ тарифыг хараат бус байдлаар зохицуулах хороог байгуулсан. Гуравдугаарт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ. Ингэж байж бизнесийн хүнд арилна. Хэрэглэгчээ дээдэлсэн салбар болж хөгжүүлнэ гэсэн. Үүнийг ор тас хийж чадаагүй. Дөрөвдүгээрт, өрсөлдөөн бий болгоё гэсэн. Гэвч энэхүү зорилгоо мөн хэрэгжүүлж чадаагүй 24 жил өнгөрсөн байна. Улс төрийн оролцоо энэ салбарт маш өндөр байсан. Ихэнх компаниуд нь төрийн өмчит. Ийм шалтгаанаас болоод энэ салбар өнөөдөр хямралынхаа дээд цэгт хүрсэн. Тиймээс өнөөдөр эрчим хүчний хуулиудыг шинэчилж, “Реформ-2”-ыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.  

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Эрчим хүчний үндэсний хорооноос эрчим хүчний реформ урагшлахаар болсныг мэдэгдэж байгаадаа баяртай байна. УИХ дээр 126 гишүүнээс өнөөдрийн байдлаар 103 гишүүн гарын үсгээ зурж дэмжих бүлэгт нэгдэж орсон. Манай парламентын 80 хувьтай дэмжиж буй гишүүд тэнцэж байна. Энэ маш том дэмжлэг гэдгийг харуулж байгаа юм. УИХ-ын гишүүд энэ дэмжих бүлэгт орсноор юуг илэрхийлж, юу хэлж байна вэ гэвэл эрчим хүчний салбар шинэчлэгдэж, суурь салбар хөгжиж байж Монгол Улсын хөгжлийн бодлого тодорхойлогдоно гэдэг зүйлийг илэрхийлж байгаа. Үүний хажуугаар УИХ-ын гишүүд Эрчим хүчний үндэсний хороонд зайлшгүй анхаарч ажиллаарай гэж хэлж буй зүйл нь бид ганцхан үнэ тарифтай холбоотой асуудлыг дэмжээгүй. Эрчим хүчний салбарын реформыг цогцоор нь хийхийн тулд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байна. Дээрээс нь УИХ-ын гишүүд хяналт шалгалтын үүргээ гүйцэтгэж, эрчим хүчний салбарт он удаан жил бүтцээрээ шинэчлэгдээгүй асуудал дээр УИХ-ын гишүүд манлайлж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тийм ч учраас үүн дээр УИХ, Засгийн газар маш том зорилтуудыг дэвшүүлж ажиллаж байна.  

УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Эрчим хүчний реформ гэж ярьж байгаа нь үнэ тариф ердөөсөө биш. Үүнийг онцолж хэлмээр байна. Үндэсний хороо байгуулагдаад ажиллаж байгаа. Үнэ тарифтай холбоотой биш. Гол нь эрчим хүчний салбарыг иж бүрнээр урт хугацаатай шинэчлэх, түүнтэй холбоотой хамгийн чухал хэсэг бол үнэ тариф биш засаглалын асуудал байгаа юм. Яаж эрчим хүчний төрийн компаниудыг үр ашигтай, үр дүнтэй ажиллуулах вэ. Яаж засаглал нь авлига хулгайгаас ангид байх вэ. Энэ бол Эрчим хүчний реформын үндэсний хорооны хамгийн чухал анхаарч буй ажил. Үнэ тариф өөрчлөгдөхтэй холбоотой зэрэгцээд хийж буй хойшлуулшгүй нэг ажил нь энэ юм шүү.  

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Монголын эрчим хүчний систем 102 жилийн түүхтэй. Сүүлийн 34 жил нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжсэн цаг үеийг бид туулж байгаа. Сүүлийн жилүүдэд монголын эрчим хүчний систем дээр хоёр хосолсон хүндрэл бий. Эхнийх нь манай эрчим хүчний чадал энергийн хэрэглээ жилд дунджаар 7 орчим хувьтай, чадлын хэрэглээ нэн ялангуяа өвлийн оргил ачааллын үед 12 орчим хувьтай өсөж байна. Үүнийг биет хэмжээгээр илэрхийлбэл жилийн дундаж хүчин чадал 200 мвт-ыг давж байгаа. Зүйрлээд хэлбэл ТЭЦ-3 198 мвт хүчин чадалтай. Жил бүр ТЭЦ-3 цахилгаан станцтай тэнцэх хэмжээний цахилгаан станцыг ашиглалтад оруулахаас өөр аргагүй. Ирэх жилүүдэд магадгүй хоёр ТЭЦ-3-тай тэнцэх хэмжээний хүчин чадлыг нэмж ашиглалтад оруулах шаардлага үүсээд байгаа. 2022 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр цахилгаан эрчим хүч, дулааны үнийг нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлийн нэмэгдүүлэлт. Тухайн үед бид уул уурхай, эрчим хүчний салбарыг 38 хувиар, бусад аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчийг 5000 хүртэл нь 10 хувиар, 5000 квт-аас дээш гарсан хэсгийг нь 28 хувиар нэмэгдүүлж байсан. Нийт Монголын ахуйн хэрэглээ өнөөдөр 1 квт цагийн хэрэглээний үнэ 140 орчим төгрөг байна. Үүнийг 150 мвт хүртэл нь магадгүй 140 төгрөгийг 175 төгрөг болох байх. 150-300 квт-ыг 250 төгрөг орчим болох болов уу гэсэн тооцооллууд хийгдээд явж байна. Гэхдээ энэ зохицуулалтыг ЭРчим хүчний зохицуулах хороо бусдаас үл хамаарах байдлаар бие даан шийдвэр гаргадаг учраас удахгүй тооцооллоо мэдэгдэнэ.  

С.ОТГОН 

Таны сурталчилгаа