Цаг үеийн мэдээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйн улмаас төмөр замын элс, хайрга буулгах зам дээр тус ангид операторч ажилтай Н.Б нь вагоны люкэнд цохигдож нас барсан.  Прокуророос шүүгдэгч Р.Г, Ч.Б нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүрэг буюу “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Н.Б-ын амь насыг хохироосон” хэмээн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.     

Анхан шатны шүүхээс Р.Г, Ч.Б нарыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Н.Б амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхээс Р.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, харин Ч.Б-ын хувьд хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Ч.Б нь амь хохирогч Н.Б-д урьдчилсан зааварчилгаа өгч байсан болох нь тус байгууллагын хэмжээнд мөрдөгддөг “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван шатны хяналтыг зохин байгуулах журам”-д заасны дагуу Ч.Б нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хийсэн үзлэг, шалгалтаар хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Уг зөрчлийг тодорхой хугацааны дотор арилгах хугацаат үүргийг засвар ашиглалт, үйлчилгээний ангийн мастер Р.Г-д өгч байжээ. Дээрх байдлуудаас дүгнэхэд Ч.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа зохих журмын дагуу хийж гүйцэтгэж байсан нь тогтоогддог. Мөн Ч.Б нь хэрэг болох цаг хугацаанд тухайн газар байгаагүй, томилолтоор орон нутагт ажиллаж байсан бөгөөд тухайн вагоноос элс буулгах ажлын талаар шүүгдэгч Ч.Б-д ямар ч мэдээлэл, үүрэг даалгавар өгөөгүй байжээ. Иймд Ч.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга

Таны сурталчилгаа