Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2024 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдад цэргийн орчин тойрон, сургалт бэлтгэлийн бааз гээд бүх зүйл шинэ содон байна. Тэд дарга нарынхаа заасан бүхнийг ёсчлон суралцахыг хичээж, гутлаа тосолж, дүрэмт хувцсаа цэгцэлж эмхлээд л тун завгүй. Эх орны албанд ирээд завгүй байгаа тийм л шинэ дайчдын нэг нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Д.Сайнбаяр, С.Пүрэвбаатар нар. Тэд ахан дүүс. Байлдагч Д.Сайнбаяр нь угтаа 2022 онд Хилийн цэргийн 0168 дугаар ангид хугацаат цэргийн алба хаахаар татагдсан ч цэргийн тангараг өргөхөөс 15 хоногийн өмнө ар гэрийн гачигдлаар халагджээ.
Харин энэ жил дуусгаагүй албаа үлгэр жишээ хаана хэмээгээд дүү С.Пүрэвбаатарын хамт ирсэн байна. Ах дүүс хоёул ШУТИС-ийн Өмнөговь аймаг дэх Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежид суралцаж төгссөн гэнэ. Тэднийг цэргийн албанд мордох болоход өндөр настай И.Сүрэн буурал эмээ нь “Миний хоёр хүү нэгэндээ ханьтай, дэмтэй яваад ир” гэж урамтай нь аргагүй дэмжиж. Тэдэнд цэргийн албанд ирсэн эхний өдрүүд бол мэдээж сонин байж. Орчин солигдож, дэг журам, зохион байгуулалтад ороод ирэхэд хэнд ч тэгж санагдана. Харин одоо бол албандаа дасаад сайхан байгаагаа хуучилж байсан юм. Тэдний ойрын зорилго цэргийн дарга нарынхаа заасан бүхнээс суралцаж, цэргийн тангаргийн баяраар Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас ирэх эмээдээ цог жавхаатай сайхан цэрэг эрс болсноо харуулах ажээ.
Ахлах дэслэгч Б.БАТЗАЯА