Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн баасан гарагт төвлөрлийг сааруулах, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Үндэсний багийн үйл ажиллагааны явцтай танилцаж, шаардлагатай зарим асуудлыг нь шийдвэрлэлээ.
Улаанбаатар хот руу чиглэж буй хүн амын хөдөлгөөний нэгээхэн хэсэг нь улсын чанартай томоохон эмнэлгүүд байдаг. Үүнээс улбаалж эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж муудах зэрэг олон асуудал үүсдэг. Уг асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тушаалыг гаргаж, орон нутагт төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээтэй байгаа тусламж үйлчилгээг нутагшуулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийг бууруулах зорилго бүхий “Үндэсний баг” байгуулсан.
Тодруулбал,
- Хавдар судлалын тусламж үйлчилгээ
- Зүрхний хэм алдагдал
- Ангиографи
- Гэмтэл согог судлал
- Ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ зэрэг өнөөгийн эрүүл мэндийн салбарт тэр дундаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн хэрэгцээтэй байгаа тусламж үйлчилгээг тухайн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд зааж сургах, дадлагажуулах үүрэг бүхий тус багийнхан байгуулагдсан цагаасаа хойш тодорхой хуваарийн дагуу орон нутгуудад сэлгэн ажиллаж эхлээд байна.
Тухайлбал өнгөрсөн сар гаруйн хугацаанд Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймгуудад ажиллаж, давхардсан тоогоор 200 гаруй үзлэг оношилгоо, 50 гаруй нэн шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ. Өөрөөр хэлбэл энэ тооны иргэдийг Улаанбаатар хот руу явуулж, зардал чирэгдэл болохоос урьдчилан сэргийлсэн төдийгүй орон нутагт нь тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлсэн байна.
Энэ талаар Сайд Т.Мөнхсайхан үндэсний багуудыг цаашид шаардлагатай тусламж үйлчилгээг хэрхэн, яаж нутагшуулдаг вэ гэдгийг харуулах загвар баг гэж ойлгож болно. Тиймээс сайжруулалтыг нь цаг тухайд хийгээд явах нь зөв. Миний зорьж байгаа хамгийн гол зүйл нь хэн нэгэн сайд, дарга солигдох төдийд зогсчихдог ажил бус эмч, эмнэлгийн ажилтнууд нь Үндэсний багаараа дамжуулан сурч, дадлагажиж, шинээр нэвтэрсэн эмчилгээ, үйлчилгээний төрлөө нэмэгдүүлдэг, нутагшуулдаг, яам нь үүнийг нь тогтмол бодлогоор хангадаг тогтолцоог бүрдүүлэх. Энэ тогтолцоог бүрдтэл нь бид ажиллах ёстой гэдгийг дурдаад Хүний нөөцийн асуудал эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлын нэг мөн. Зөв зохион байгуулж чадвал богино хугацаанд үр дүн гарах боломжтой хэмээн онцоллоо.
Мөн уулзалтын үеэр үндэсний багийн эмч нар орон нутгийн эмч нар бие дааж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болсноор иргэд чирэгдэлгүйгээр амьдарч байгаа бүс нутгаасаа үйлчилгээ авах бүрэн боломжтой гэдгийг илэрхийлж байлаа.