НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Бүгд хуралдаанаар манай улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр батлав.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр уг тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлоох үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэр, хүчин чармайлт болохыг онцлов.
Монгол Улс уг тогтоолыг 1998 оноос хойш 2 жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлж ирсэн ба энэ жилийн тогтоолд НҮБ-ын нийт 36 гишүүн улс хамтран зохиогчоор орсон байна.