“Хэвлэлийн мэдээллийн эрх зүйн форум”-ыг ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийг хамгаалах олон улсын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
Тус форумд НҮБ-ын Суурин төлөөлөгч, Тапан Мишра, Европын Холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Хэльмут Кульц нарын зэрэг олон улсын байгууллага болон элчин сайдын яамдууд, суурин төлөөлөгчийн газрын төлөөллүүд, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөөх хуульчдын сүлжээний хуульчид, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд болон судлаачид оролцлоо.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн салбарын болон өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд, сэтгүүлчдийн аюулгүй байдал ба сэтгүүлчийн эсрэг гэмт үйлдэл зэрэг сэдвээр панел хэлэлцүүлгүүд зохион байгууллаа.
Хэвлэл мэдээллийн эзэмшил төвлөрсөн бөгөөд ил тод бус, хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж хомс, нэр төр, алдар хүндтэй холбоотой хэргийн ихэнх нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг чиглэж байна.
Сэтгүүлчдийг худал мэдээлэл тараасан хэргээр буруутгаж улс төрчид, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид болон төрийн байгууллагууд гомдол гаргаж байгааг хуульчид онцлов.
Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагааныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээж буй практикийг халах хэрэгтэй гэдэгт форумын оролцогчид санал нэгдлээ. Үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн зохицуулалтад төрийн оролцоог улам бүр багасгах, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт дээр тулгуурлахын чухлыг онцлов.
“Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум”-аар хэлэлцсэн асуудлын хүрээнд зөвлөмж гаргалаа.