Ерөнхий боловсролын сургуулийн 6 настай суралцагчийг "Нүд, шүд, зүрх судас"-ны эрт илрүүлгийн үзлэгийг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар зүрхний үзлэгт 2027 сурагч хамрагдаж 0,05% өөрчлөлттэй, нүдний үзлэгт 5061 сурагч хамрагдаж 22,5% нь өөрчлөлттэй, шүдний үзлэгт 815 сурагч хамрагдаж 83% нь өвчлөлтэй илэрч нарийн мэргэжлийн эмчид илгээх шаардлагатай байна.
Өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаны хүмүүс нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд ажиллаж, эрт илрүүлгийн үзлэгийн ажлын явцтай танилцаж цаашид энэхүү сургуульд суурилсан эрүүл мэндийн илрүүлэг үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг насны ангилалтайгаар үргэлжлүүлэн жил бүр зохион байгуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлж эцэг эх, асран хамгаалагчдыг боловсрол, эрүүл мэндийн салбарын энэхүү хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж эрүүл, эрдэм боловсролтой монгол иргэнийг төлөвшүүлэхэд хамтран зүтгэхийг уриаллаа.
Тус сургууль нь нэгдүгээр ангийн 5 бүлэг, 183 сурагчтай бөгөөд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу хараа шалгах үзлэгээ 100% зохион байгуулж дууссан бөгөөд сурагчдаа 2 өдөрт хуваан амны хөндий, зүрх судасны үзлэгийг зохион байгуулж өнөөдөр дуусаж байна.