Цаг үеийн мэдээ

Эрчим хүчний яамны “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн захиалгаар Дэлхийн банкны санхүүжилтээр дулааны магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх төсөл хэрэгжиж байна. Тэгвэл Улаанбаатар хотын төв хэсэг  буюу хотын А зэрэглэлийн бүст багтах хэсгийн 2а магистриалийн ажил дууссан ч нөхөн сэргээлтийн ажил хугацаа алдаж байна. Энэ зунжин газар сэндийчсэн, шугам хоолой ухсан явган ч, авто машинаар ч зорчих боломжгүй байсан. Энэхүү хэсгийн ажил яагаад удаашралтай байгааг Дэлхийн банкны төслийн нэгжийн захирал н.Мөндөрөөс тодрууллаа. 

-“Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкны санхүүжилтээр хийж байгаа юм байна. Гэвч 2а магистраль шугамын ажил дууссан ч нөхөн сэргээлтийн ажил удааширчээ. Энэ ажил яагаад удааширсан талаар мэдэгдсэн үү? 

-Энэ ажил тавдугаар сарын 15-ны өдөр эхлэх ёстой байсан. УИХ-ын сонгууль болно гээд ажлаа эхлүүлэхийг Нийслэлээс зам хаахыг долдугаар сарын 5-ны өдөр хүртэл зөвшөөрөөгүй. Түүнтэй холбоотой 45 хоног ажил саатсан. Долдугаар сарын 5-ны өдөр болтол Бутан улсын хаан ирнэ, Төрийн тусгай хамгаалалт гарна гээд зам ухаж болохгүй гэсэн. Ингээд долдугаар сарын 15-нд ажил эхэлсэн. Хэрвээ тавдугаар сарын 15-наас ажил эхэлсэн бол аравдугаар сард дуусах байсан. Үүнээс хоёр сар хойшилсон гэхээр арванхоёрдугаар сард дуусах болсон. Бид гүйцэтгэгч компанийг шахсан. Дээр нь Улаанбаатар шугам сүлжээгээс бригад гаргаж хамтран ажиллуулж байж ямар ч байсан аравдугаар сар 1-ндээ шугамаа ашиглалтад оруулсан. Одоо нөхөн сэргээлтийн ажил дутуу. Энэ ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд дуусгахаар холбогдох газруудтай нь ярилцаад явж байна. Арав хоногийн дараа гэхэд нөхөн сэргээлтийн ажил дуусна. Аж ахуйн нэгжүүд өөрс өөрсдийн урдах талбайг өөрсдөө хийнэ гээд манайхаас санхүүжилтээ авчихсан. Тэр компаниуд ч мөн арваннэгдүгээр сарын 15 гэхэд дуусгасан байх ёстой. Хүйт орчихвол бид бетондох юм уу, аcфальтдана. Дараа нь өөрсдөө түүнийгээ хуучин хэвэнд нь оруулж янзлах байх.  

-Санхүүжилтээ авсан зарим нь газар нь хувийн байгууллагууд байгаа юм байна. Тэд бас зэрэг дуусгах уу? 

-Бид хурал хийж протокол үйлдээд зэрэг дуусгахаар гэрээгээ байгуулсан. Тэгэхээр арваннэгдүгээр сарын 15-нд бүх ажил зэрэг дуусах ёстой.  

-Тэгэхээр нийт хэчнээн байгууллага бий вэ? 

-Бид ихэнхийг нь янзлаад дууссан. Одоо өртөж буй дөрвөн оффисын барилга бий. IC tower, Down town, Аюуд товер гэх зэрэг газрууд өртсөн. Эдгээр нь өөрсдөө арваннэгдүгээр сарын 15-нд ажлаа дуусгахаар тохирсон.  

-Арваннэгдүгээр сарын 15-нд ажлаа дуусгаагүй байгууллагуудад ямар арга хэмжээ авах вэ? 

-Ямар ч байсан хүйтэртэл ажлаа хийнэ. Хүмүүсийг зорчих боломжоор хангана. Гоё, чимэглэл ч гэдэг юм уу чимхлүүр ажлаа дараа нь хийж болно. Гэхдээ хугацаандаа дуусгаагүй газруудад бид алданги торгуулиа тавина.  

С.ОТГОНБАЯР 

Таны сурталчилгаа