Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт салбарын удирдах ажилтны түвшинд зохион байгуулсан бол 2-р хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.11.05/ сэтгүүлчдийн дунд явууллаа.
Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарт ажил үүргээ гүйцэтгэж буй 85 сэтгүүлчтэй холбогдож, урилга хүргүүлсэн боловч 20 гаруй төлөөллийн ирцтэй явагдлаа.
Анх 1998 онд батлагдаж, орчин цагт сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн харилцааг зохицуулах хэрэгцээ шаардлага тулгарсаар байгаа ч өмнө нь 3 удаа өргөн баригдахаас буцсан уг хуулийн төслийг хөдөлгөхийг зорьж буй нь хувь хүний хувьд ч, улстөрчийн хувьд ч ямар нэгэн ашиг сонирхол өвөрлөөгүй гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдсээр байгаа.
Нөгөө талд, салбарын эрх зүйн байдал, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын эрх ашгийг хуулийн хүрээнд баталгаажуулах нь өнөөгийн нийгэмд үүсээд буй олон нийтийг эмзэглүүлэх хүртэл хүндэрсэн олон асуудлыг шийдвэрлэх, цаашид давтагдахгүй байхад чухал ач холбогдолтой болохыг салбарын төлөөлөл онцолж буй юм.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 3-р хэлэлцүүлгийг орон нутгийн сэтгүүлчдийн дунд, 4-р хэлэлцүүлгийг судлаач-төр-иргэний нийгмийн төлөөллийн хүрээнд зохион байгуулна.