Арабын Бүгд Найрамдах Египет Улсад зохиогдож буй Дэлхийн хотуудын 12-р форумд оролцож байгаа Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнөөдөр /2024.11.05/ сайд нарын дугуй ширээний уулзалтад үг хэллээ.
Тэрээр хэлэхдээ “Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 10 тэрбум болж, түүний 70 хувь нь хот суурин газарт оршин суух болно. Тиймээс, XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгасны дагуу том хотууд руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бүсийн тэргүүлэх төв, дагуул хот, шинэ хотыг байгаль орчин, хүрээлэн буй орчинд ээлтэй, ухаалаг, эдийн засаг, байгалийн нөөцийн хувьд хэмнэлттэй, жендерийн тэгш эрхийг хангасан, дасан зохицох чадвартай байдлаар тооцон төлөвлөж, хүний эрүүл, аюулгүй орчинд аятай тухтай ажиллах, амьдрах нөхцөлийг бий болгоход дэлхийн улс орнууд хамтдаа анхаарал хандуулж байна. Чухам энэ цаг үед “Бүх зүйл хотжилтоос эхэлнэ” сэдвийн дор энэ удаагийн форумыг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.
Энэхүү форумаар бид шилдэг туршлагуудаа хуваалцаж, чөлөөтэй санал, бодол, шүүмжээ солилцон, ажлын туршлага, үр дүнг нэгтгэн дүгнэж, алсын хараа, шийдлийг бүтээлч байдлаар хэлэлцэх замаар хүн төрөлхтөнд ээлтэй хот төлөвлөлт, дэд бүтэц, дижитал шийдэл, ухаалаг, ногоон технологийг илүү үр ашигтайгаар нэвтрүүлэн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Дэлхийн улс орнуудын нэгэн адил Монгол Улсын Засгийн газраас бүс нутгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох урт хугацааны бодлогыг дэвшүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл, аюулгүй таатай орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ногоон, гамшигт тэсвэртэй, “20 минутын хот”-ын үзэл баримтлалд суурилсан Шинэ хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Цаашид бид ирээдүйн тогтвортой, ухаалаг хотын дэвшилтэд загварыг бодитоор хэрэгжүүлэхэд Та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж бэлэн байгаагаа энэ ялдамд илэрхийлье.
Орон сууц гэдэг бол бидний зөвхөн амьдран суух байр гэхээс илүү хариуцлагатай, хамтдаа аж төрөхийн үндэс суурийг бүрдүүлдэг, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох үндсэн суурь үзүүлэлтийн нэг болохыг өнөөдрийн форумаар чухалчлан авч хэлэлцэж байгаад таатай байна.
Монгол Улс 3 сая хүн амтайгаас 60 хувь нь хот, суурин газарт оршин сууж байгаа тул Засгийн газраас иргэдийн орон сууцны хангамжийг 25 хүртэл хувиар нэмэгдүүлэх хүрээнд 2024-2028 онд буюу ирэх 4 жилд 150 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийг боловсруулаад байна. Уг хөтөлбөрийг дараах 3 үндсэн үзэл баримтлалд тулгуурлан хэрэгжүүлнэ:
Нэг. Нийтийн болон амины орон сууц барих төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлж, орон сууцны нийлүүлэлтийг тогтвортой хангана.
Хоёр. Өрхийн төлбөрийн чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцыг дэмжин хөгжүүлж, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэн эрэлтийг дэмжинэ.
Гурав. Орон сууцны инженерийн хангамжийг иж бүрнээр шийдвэрлэж, эрүүл ахуй, амьдрах орчны чанарын стандартын шаардлагыг бүрэн хангана.
Үүний үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс баталсан “Хотжилтын шинэ хөтөлбөр”-т тусгасан амьжиргааны шаардлага хангагдсан байх эрхийн нэг хэсэг болох шаардлага хангасан орон сууцтай байх эрхийг тасралтгүй, бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно. Та бүхэн өөрийнхөө оронд амжилттай хэрэгжүүлсэн, иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагааны ололт амжилт, туршлагаас бидэнтэй нээлттэй хуваалцахыг хүсье” гэлээ.
Дэлхийн хотуудын 12-р форумд оролцохоор Египетийн Каир хотноо 4 улсын төр засгийн тэргүүн, 72 орны хот байгуулалт, барилгын сайд, 96 хотын захирагч мөн 37 мянга гаруй хот төлөвлөгч, инженер, архитекторууд, орон сууцны нийлүүлэгчид, хэвлэл мэдээллийнхэн цуглараад байна.