Цаг үеийн мэдээ

Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс Нийгмийн даатгалын шимтгэл авч байгааг эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэхэмжлэлийн талаар хуульч Ө.Эрдэнэ-Очир, эдийн засагч С.Баярхүү нар мэдээлэл хийлээ. Энэ талаар тэднээс нэмэлт тодруулга авлаа.  

-Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг хөнгөлөх, Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах талаар ярьж байна. Тухайлбал, яг ямар зүйл заалтууд дээр өөрчлөлт оруулах шаардлагатай вэ? 

-Нэг л тодорхой заалт байгаа. 17.1.4 Ажил гүйцэтгэх гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээнээс НДШ заавал төлүүлнэ гэдэг заалт. Тэр заалт ямар утга учиртай вэ гэхээр иргэн хүн компанид нэг удаагийн ажил хийж өглөө ажлынхаа хөлсийг авлаа. Тэр ажлын хөлснөөс НДШ авах тухай асуудал юм. Хувиараа ажил мэргэжлийнхээ дагуу хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхийг зөрчиж байгаа. Тэр хүнээс өөрөөс нь аваад зогсохгүй тэр хүнээр нэг удаа ажил хийлгэсэн ажилтан ажил олгогч хоёр биш, байнгын хөдөлмөрийн харилцаатай биш байхад НДШ суутгаж авдаг. Тэгээд гэрээний үнийн дүнгээр. Энэ бол шууд татвар. Татвар татвартаа хамгийн харгис татвар. Татвар гэдэг бол ядаж олсон орлогоос нь зардлыг нь хасдаг. Орлого олсон талаас нь зардлыг хасаад авдаг. Тэгтэл энд орлого олсон талаас нь биш орлогыг өгсөн, авсан, хоёр талаас хоёулангаас нь татвар авч байна. Нэгээс нь 9.7 хувь, нөгөөгөөс нь 12 хувь. Үүнээсээ өртөг буюу зардлыг хасдаггүй. Жишээ нь, 10 сая төгрөгөөр ажил хийлгэсэн ажил олгогч буюу хуулийн этгээдээс нь 12 хувийг, ажлыг хийж гүйцэтгэсэн хувь хүн иргэнээс 9.7 хувийг авч байгаа юм. Үндсэндээ НДШ-д 20 орчим хувийг нь авчихдаг. Хүн зүгээр л ажил хийснийхээ төлөө Нийгмийн даатгалын санд өртэй болж хувирч байгаа юм. Байнгын хөдөлмөрийн харилцаа цалингаасаа НДШ төлж болно. Иргэн хуулийн этгээд хоёрын бизнесийн харилцаа руу төр орж ирээд НДШ гэж авч байгаа нь өөрөө Иргэний хэргийн хуультай ч зөрчилдөнө. Татварын хуультай ч зөрчилдөнө. Цаад утгаараа хувь иргэн өөрийн авьяас чадвараа ашиглаад орлого олох боломжийг нь шууд хааж байгаа. Ийм байдлаар яваад байвал хувь хүн иргэнийг компаниуд сонгохгүй шүү дээ. Иргэнийг сонговол НД-ын өрөнд орох учраас дандаа хуулийн этгээдийг сонгоно. Ингээд төр иргэнийгээ өөр өөрийнхөө амьдралыг аваад явах боломжийг хуулиараа хязгаарлаад, хясан боогдуулсан хуультай болчихсон. Үүнийг яаралтай өөрчлөх ёстой. Үүнийгээ бүр Эрүүгийн хуульд оруулчихсан. Ял өгөх нөхцөл байдалд хүрээд байна. Иргэний нийгмийн байгууллагууд үүнд анхаарлаа хандуулж, яаралтай өөрчлүүлэх талаар зохих түвшинд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. 

Таны сурталчилгаа