2024 оны аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Тайландын Хаант улсын Бангкок болон Паттаяа хотуудад зохион байгуулагдсан энэхүү семинарт 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд үүнд Тайландын Хаант улсын Хааны бороо, хөдөө аж ахуй, агаарын тээврийн газраас 65 мэргэжилтэн, бусад хамтран ажилладаг байгууллагуудаас 11 төлөөлөгч багтаж байв.
Олон улсаас буюу АСЕАН-ын гишүүн орнууд (Камбож, Индонез, Малайз, Филиппин), Азийн орнууд (Хятад, Өмнөд Солонгос, Монгол, Шри Ланка) болон Ойрхи Дорнодын орнууд (Иордан, Арабын Нэгдсэн Эмират)-аас нийт 24 төлөөлөгч оролцсон юм. Манай улсаас УМХ-ийн инженер С. Жавзмаа оролцож, Монгол улсын цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Дэлхийн дулаарлын улмаас усны нөөцний ач холбогдол улам бүр нэмэгдэж, дэлхий нийтэд рекорд агаарын температурын утгууд бүртгэгдэж, ган гачиг, үер зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн давтагдал ихсэж байгаа нь ус, хүнсний нөөцийн аюулгүй байдлыг дэлхий нийтийн анхаарлын төвд авч ирэх гол шалтгаан болж байна. Эдгээр чухал нөөцийг хамгаалахын тулд шинэлэг технологи хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай билээ. Ялангуяа хуурай бүс нутагт бороо оруулахын тулд цаг агаарт зориудаар нөлөөлөх арга, технологийг ашиглах нь дээрх бэрхшээлийг шийдэх урт хугацааны шийдлүүдийн нэг юм.
АСЕАН цаг агаарт зориудаар нөлөөлөх төвийн байнгын нарийн бичгийн даргын үүргийг Тайландын Хаант улсын Хааны бороо, хөдөө аж ахуй, агаарын тээврийн газар гүйцэтгэдэг бөгөөд хурлын гол зорилго нь цаг агаарт зориудаар нөлөөлөх чадавхыг дээшлүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.
Нэмж дурдахад, энэхүү 2024 оны семинар нь шинэлэг шийдэлд суурилсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгальд суурилсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, дижитал хувьсал, нэгдсэн мэдлэгийн менежмент гэсэн сэдвийн дор зохион байгуулагдав. Оролцогчид Хааны бороо, хөдөө аж ахуй, агаарын тээврийн хэлтсээс зохион байгуулсан бороо оруулах нислэгийн явцтай танилцаж, биечлэн оролцсон юм.