Цаг үеийн мэдээ

Дэлхийн хотуудын форумд оролцож байгаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Бүх нийтийг орон сууцжуулах сангийн үйл ажиллагаатай танилцаж, тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа City of Garden төсөлтэй танилцлаа. Энэхүү сан нь АБНЕгипет Улсын Ерөнхийлөгч  Абдел Фатта Эл Сисигийн санаачилсэн “Бүх Египетчүүдэд орон сууц” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан бөгөөд ойрын ирээдүйд 1 сая орон сууц барих төлөвлөгөөтэй юм байна. 

Бүх нийтийг орон сууцжуулах сан болон Үл хөдлөх хөрөнгийн санхүүжилтийн сангийн гүйцэтгэх захирал хатагтай Мэй Абдел Хамид монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Египет Улс хэрхэн иргэдээ орон сууцаар хангаж байгаа талаар танилцуулав.  

“Орон сууц нь дундаж орлоготой иргэн худалдаж авах боломжтой байхаас гадна хүн амьдрах таатай, ногоон орчныг бүрдүүлсэн, хүүхдэд ээлтэй байх ёстой. Бид Ногоон байшин санаачилгын хүрээнд бүх барилга байшингаа нийцүүлж барьж байна” гэж тэрээр ярилаа. Энэхүү шинэ концепц бүхий барилга нь эрчим хүчний зарцуулалтыг 27 хувиар, усны хэрэглээг 40 хувиар, хатуу хог хаягдлыг 70 хувиар бууруулжээ.  

Египетийн Ерөнхийлөгчийн санаачилга бодит ажил болсноос хойш өнөөдрийг хүртэл 594 мянган дунд орлоготой иргэд, 55 мянган бага орлоготой иргэдийг орон сууцжуулж, 575.5 тэрбум паундын хөрөнгө оруулалт хийжээ.  

Хатагтай Мэй Абдул Хамид, саяхан Монгол Улсад болсон “Монголын орон сууцжуулалтын ирээдүй 2024” олон улсын форумд оролцож өөрийн орны туршлагаа хуваалцсан юм. Тэрээр Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьтай дахин уулзаж, улсынхаа хийж хэрэгжүүлж буй орон сууцжуулах ажлыг газар дээр нь үзүүлж байгаадаа баяртай байна гээд цаашид хамтран ажиллах олон боломжийн талаар илэн далангуй ярилцлаа. 

Таны сурталчилгаа