Нийгмийн сүлжээнд “Дизель түлш тасарна” хэмээн мэдээллүүд гарсантай холбогдуулан АМГТГ-аас дараах мэдэгдлийг гаргажээ.
Ашигт малтмал, газрын тосны газар нь долоо хоногт хоёр удаа газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдээс газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээллийг авч, тогтмол хяналт тавин ажилладаг.
Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан манай улс ОХУ-аас сард 110,000 тонн Аи-92 автобензин, 65,000 тонн дизель түлш импортлох захиалгыг өгч, энэ хүрээнд өдөр бүр хилийн боомтуудаар шатахууны импорт тасралтгүй нийлүүлэгдэж байна. Тухайлбал, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ныг хүртэлх хугацаанд 295 вагон Аи-92 автобензин буюу 18,000 тонн /9 хоногийн нөөц/, 462 вагон дизель түлш буюу 27,700 тонн /9 хоногийн нөөц/ импортоор орж ирээд байна.
Нийт нөөцийн хувьд авч үзвэл, улсын хэмжээнд Аи-92 автобензин 22 хоног, дизель түлш 27 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна.
“Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр талууд эцэслэн баталсан юм. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсад импортлох шатахууны импортын захиалгыг тасралтгүй, тогтвортой нийлүүлэхээр болсон бөгөөд ОХУ дэлхийн улс орнуудад экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс багтахгүй учраас шатахууны хомсдол, доголдол үүсэх үндэслэлгүй. Иймд зориудаар худал мэдээлэл тарааж, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газраас анхааруулж байна.
Нэмэлт мэдээлэл, Монгол Улс 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 2,360,042 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсноос А-80 автобензин 4,834,00 тонн, Аи-92 автобензин 701,970 тонн, Аи-95/98 автобензин 15,555 тонн, дизель түлш 1,371,045 тонн, ТС-1 /онгоцны түлш/ 66,184 тонн, Жет А-1 түлш 16,636 тонн, бусад бүтээгдэхүүн 183,800 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.