ХӨСҮТ, БНСУ-ын Өвчний хяналтын агентлагийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Халдварт Өвчний Хяналтын тогтолцоог бэхжүүлэх 2023-2027 төсөл хэрэгжиж байна.
Энэхүү төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн тархвар судлаач, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх биостатистик сургалтыг энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулав. Сургалтыг БНСУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Агентлаг болон Католик Их Сургуулийн мэргэжилтэн багш нар заав.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын халдварт өвчний хяналтын тогтолцоог сайжруулж, олон улсын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Эдүгээ энэ төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн 21 удирдлага, эмч, тархвар судлаач, лаборант мэргэжилтнүүд БНСУ-ын Ионсэй их сургууль, Севирэнс эмнэлэгт 2023-2024 онд онол, дадлага хосолсон урт дунд хугацааны сургалтад хамрагдаад байна. Цаашид Монгол Улсад нянгийн тэсвэржилтийг тандах тогтолцоог бэхжүүлэх зорилтын хүрээнд жил бүр 5-7 мэргэжилтэн БНСУ-д сургаж, чадавхжуулахаар төлөвлөн ажиллаж байна.