ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул: Манай улсад аравдугаар сарын сүүлчээс өвчлөлийн түвшин аажмаар нэмэгдэж, арваннэгдүгээр сарын 5 буюу 44 дүгээр долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд өвчлөл идэвхжилийн түвшинд хүрээд байна. 21 аймгийн 80 хувь нь идэвхжилийн түвшинд шилжсэн. Дорноговь, Дорнод аймгууд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. 44 дүгээр долоо хоногийн байдлаар нийт амбулаториор 300 мянга гаруй хүн эмнэлэгт хандан үйлчлүүлснээс 5.2 хувь томуу, томуу төст өвчний шалтгаантай үйлчлүүлжээ. Энэ нь өмнөх 7 хоног болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 9000 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 21 хувь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгалгааны шалтгаантай байна. Үүнийг өмнөх 7 хоног болон өмнөх жилтэй харьцуулахад 1-6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Насны ангиллаар нийт томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүдийн дунд, энэ дотроо 50-60 орчим хувь нь 0-4 хүртэлх насны хүүхдүүд байна. Уушгины хатгалгаар эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхэд. Үүн дотроос мөн 50-60 орчим хувь нь 0-4 нас хүртэлх хүүхэд. Үүнийг дотор нь задалбал 40-50 хувь нь 0-2 хүртэлх насны хүүхэд байна. Дархлаажуулалтын хувьд 300 мянган хүн тун вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг хамруулсан. Улсын хэмжээнд зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 орчим хувьд нь хийгдсэн. 300 мянган хүн тун вакцины 176 мянга орчмыг 0-5 хүртэлх насныханд хийхээр төлөвлөсөн. Одоогоор 70 гаруй хувьд нь хийсэн байна.