Төсвийн төслийг буцаан татах шаардлага хүргүүлээд буй УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Тавьсан тоо хэмжээнийх нь хүрээнд 3.6 их наядаар төсвийн зардлыг бууруулах асуудлыг судлаад оруулж ир гэсэн шаардлага бүхий тогтоолыг УИХ-ын гишүүд, тэр дундаа УИХ-ын дарга санаачлаад манлайлан оруулж ирж байна. Хувь хүн талаасаа би цөөнхийн байр суурийг хүндэтгээд, ард түмний нийтлэг тавьж буй зарчмын асуудал дээр хүндэтгэлтэй хандаж байгаад талархаж байна. Цаашдаа бид энэ асуудлын хүрээнд заавал тодотгол хийхгүйгээр шийдвэрлэе гэдэг байр суурьтай байгаа. Уг нь одоо өргөн баригдсан байгаа дээр нь татаж аваад, нэмэлт өөрчлөлт хийх боломжтой. Бидний тавьсан албан шаардлага нэг талаасаа үр дүнд хүрч, тэр дундаа УИХ үүн дээр илүү санаачилгатай хандаж, эргээд ямар ч тохиолдолд энэ ондоо багтаж тодотгол хийх, дараа жилээс шинэ төсөв хэрэгжиж эхлэхээс өмнө үр ашиггүй зардлууд танасан байх ёстой гэсэн чиглэлийг Засгийн газарт өгч байна. Нөгөө талдаа энэ төсвийн судалгааг эдийн засагт нөлөөлөлгүй гээд байгаа. Бид яагаад урсгал зардлыг тана гээд байгаа вэ гэвэл макро эдийн засаг, инфляц, иргэдийн бодит орлого дээр сөргөөр нөлөөлөх асуудлууд байгаа учраас болгоомжтой хандаач ээ гээд байгаа юм. УИХ Монголбанкыг, аудитыг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг оруулж ирж эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг нь судалж үзэж, ондоо багтаж оруулж ирье гэдэг зүйлийг оруулж ирсэн нь нэг талдаа ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа. Нөгөө талд хариуцлагагүй төсөв оруулж ирсэн Сангийн яам болон Сангийн сайд хариуцлага хүлээх ёстой гэж би хувь хүнийхээ хувьд үзэж байгаа. Цаашдаа бид энэ байр суурьтаа хатуу зогсох болно.