Цаг үеийн мэдээ

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг нийгмийн даатгалаас тусдаа буюу Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулж, үүнд зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг 10 байгууллагын цолтой алба хаагчид хамаардаг. 

Харин нийгмийн даатгалын байгууллага цэргийн тэтгэврийг тогтоон, олгох ажлыг цэргийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэж байна.

Цэргийн тэтгэвэрт зарцуулж байгаа зардлыг нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сангаас биш, улсын төсвөөс санхүүжүүлдэг болно. 

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар буюу цэргийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох жилийг өсгөх, нэг удаагийн тэтгэмжийг зогсоох, бууруулах тухай ямар ч  шийдвэр гараагүй болохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдэгдлээ. 

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуультай дагалдан өргөн мэдүүлсэн хуульд цэргийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой ямар нэг хууль байхгүй бөгөөд цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд ямар нэг өөрчлөлт ороогүй гэсэн үг юм.

Таны сурталчилгаа