Их Монгол улсын шашны тэргүүн халх Жэвзүндамбын хувилгаан дүр шашин төрийн нэрт зүтгэлтэн Богд Лувсандамбийдонмэ (1724-1757) гэгээнтний гэгээн дурсгалд зориулав.
Хоёрдугаар Богд Лувсандамбийдонмэ нь 1724 оны модон луу жилд эцэг Их Чингис хааны алтан ургийн язгуур угсааны Дархан чин ван Цэвээндондүвдорж болон эх Хотгойдын Баярт хатан хоёрын хөвгүүн болон Богд хан уулын орчмын Өгөөмөр хэмээх энэхүү газарт лагшин мэндэлж, зургаан сүүдэр зооглох 1729 оны шороон тахиа жилд шашны тэргүүний арслантай ширээнээ залагджээ.
Тэр бээр Их хүрээнд Дандарын ёсны жүд дацан, Дамдин бурхны үүднээс шашны зан үйлийг үйлдэх Бадам-Ёго дацан, Буддын гүн ухааны их сургууль болох Дашчойнпэл дацан зэргийг шинээр байгуулж, шашны үйл хэргийг удирдан чиглүүлэхийн зэрэгцээ 1755 оны Манжийг эсэргүүцсэн хөдөлгөөнд Хотгойдын шадар ван Чингүнжав нартай хамтран оройлон оролцож, Монголын тусгаар тогтнол, шашин соёлын төлөө бүхий л амьдрал,амь биеэ бүрэн зориулсан түүхэн их хүмүүн мөн тул үеийн үед үл мартан дурсан санаж явагтун хэмээн сануулахын тухайд гэрэлт хөшөөг сүндэрлүүлэн босгож, гэгээн дурсамжийг мөнхлөн үлдээв.
Монголын бурхны шашинтны төв- Гандантэгчэнлин хийд
Төв аймгийн Алтанбулаг сумын нутгийн зөвлөл, нийт ард түмэн