Хүн бүхэнд мөрөөдөл бий. Түүндээ хүрэх хүсэл, тэмүүлэл бий. Мөрөөдөлдөө хүрэх зам амар биш.
Олон олон салаа зам, саад бэрхшээл, даваа нугачаа, уналт, босолт биднийг хүлээж байдаг.
Сайн хүмүүс таныг мөрөөдлийн чинь зүг чиглүүлж, зорилгыг тань хурцалж, дэмжин тусалж байдаг бол саар нэгэн нь таны хүсэл мөрөөдлийг ашиглан, бие сэтгэл, эрүүл мэнд, эрх чөлөөг чинь хүртэл эрхшээлдээ оруулж, амин хувьдаа ашиг олох зорилго өвөртөлдөг ч тохиолдол олон.
Тийм хүмүүс хүсэл мөрөөдөлдөө хүрэхийг хүссэн өсвөр насны охид, хөвгүүд тэр бүү хэл насанд хүрсэн хүмүүсийг ч овоо хараандаа оруулдаг бас ашигладаг.
Тэдний энэ үйлдлийг хууль, эрхзүйн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэрэг” гэж томьёолсон байдаг. Тиймээс “Хүн худалдаалах гэмт хэрэг” тэр дундаа “Бэлгийн мөлжлөг”-өөс урьдчилан сэргийлэх “Мөрөөдлийнхөө зүг” мэдээлэл, нөлөөллийн кампанит ажлыг өнөөдрөөс эхэллээ.
Энэхүү кампанит ажлыг АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сан хамтран хэрэгжүүлж байна.