Зооноз өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн Нийгмийн эрүүл мэндийн тандалт шуурхай удирдлагын албаны дарга Л.Роломжаваас тодрууллаа.
-Увс аймгийн Зүүнговь суманд хүнээс боом өвчин илэрсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Анх 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр манайд дуудлага мэдээлэл ирсэн. Аравдугаар сарын 29-ний өдөр шалтгаан нь тодорхойгүй үхсэн үхрийг гурвуулаа өвчөөд халдвар авсан. Тэгээд манайд PCR шинжилгээ хийгээд, арваннэгдүгээр сарын 8-ны өдөр батлагдсан.
-Гурван хүн анх халдвар авсан юм байна. Өөр хүмүүс халдвар авсан болов уу?
-Тухайн өвчсөн гэх үхэр нь ямар шалтгаанаар үхсэн нь тодорхойгүй. Гэхдээ гэдэс нь хөөсөн байсан гэдэг тайлбарыг өгсөн. Түүнийг гурвуулаа нийлж өвчөөд халдвар анх авсан. Тэр махаа ойр хавийн айлууддаа тараасан гэдэг тайлбар байгаа. Үүнээс болоод хоёр хүн өвдсөн. 11 хүн энэхүү үйл ажиллагаанд оролцсон. Тухайн хүмүүсийг бүгдийг нь хяналтдаа аваад Увс аймгийн Зүүнговь сум болон тухайн багт хэсэгчилсэн хөл хорио буюу хязгаарлалт тогтоосон. Мал эмнэлэг, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага, ЗӨСҮТ хамтран ажиллаж байна. Одоогоор голомтоос дахиж өвдсөн хүн байхгүй. Хяналтад байгаа.
-Тухайн өвчин хүнээс хүнд халддаг уу?
-Хүнээс хүнд халдах тохиолдол ховор. Гэхдээ боомын уушгины хэлбэр гэж байдаг. Хүндрээд уушгиндаа орчихвол амьсгалын замаар халдах эрсдэлтэй. Монгол оронд 19 аймгийн 187 сум, Улаанбаатар хотод боом өвчний байгалийн голомттой.
-Тэдгээр хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Хоёр хүний биеийн байдал тогтворжсон. Гэхдээ шархны байдал болон ерөнхий биеийн байдал хүндэвтэр. Эмчилгээ хийлгэж байгаа. Увс аймгийн төвд Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад, эмчилгээг хийж байна. Бусад 11 хүнээс одоогоор эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй. Хяналтдаа орсон байна.
С.ОТГОНБАЯР
зочин
2024-11-12
уб руу авчирч зарах гэж байсан байх даа