Монгол Улсад статистикийн алба үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан өгөгдлийн хамтын ажиллагааг дэмжих мөн төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх хүрээнд “Үндэсний өгөгдлийн чуулган” зохион байгууллаа.
Үндэсний Статистикийн Хороо нь төрийн бусад байгууллагатай хамтарч, Азийн Хөгжлийн Банк болон НҮБ-ын системийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Төрийн нэгдсэн мэдээллийн сангийн хөгжүүлэлт, удирдлага” төслийг сүүлийн хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Чуулганаар энэхүү төслийн зарим үр дүнг танилцуулав.
Мөн чуулганы үеэр БНФУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISO 27001:2022) олон улсын стандартын гэрчилгээг ҮСХ-ны дарга Б.Батдаваад гардуулан өгөв. Түүнчлэн “Үндэсний Статистикийн Хороо – 100 жил” шуудангийн шинэ маркийн нээлт арга хэмжээний үеэр болсон юм.
Технологийн салбарын үсрэнгүй хөгжил болон өгөгдөл боловсруулах хүчин чадал нь улс орнуудад шинэ боломж, сорилт бий болгож, тэр дундаа статистикийн салбарын өөрчлөлт улам эрчимжиж байна. Үндэсний Статистикийн Хороо нь статистикийн мэдээллийн чанар, хамрах хүрээг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүхэн статистик мэдээллийг өргөтгөх, их өгөгдөл, орон зайн мэдээллийг статистикийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.
Цаашид статистикийн системийн чанарын удирдлагыг сайжруулах, статистикийн үйлдвэрлэлд их өгөгдөл, орон зайн мэдээлэл, хиймэл оюун ухаан зэрэг шинэ мэдээллийн эх үүсвэр, технологи нэвтрүүлэхэд анхаарахаас гадна үндэсний хэмжээнд өгөгдлийн засаглалыг бэхжүүлэхэд зорьж байна.
Статистикийн систем, мэдээллийн дэд бүтэц, эх үүсвэр, статистикийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр Үндэсний Статистикийн Хороо дэлхийд дээгүүрт үнэлэгддэг. Тухайлбал ODIN-ийн (Нээлттэй мэдээллийн цаг олон улсын байгууллага) мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлын үнэлгээгээр Зүүн Азид II, дэлхийд VIII байрт эрэмбэлэгдэж байна.