ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2024.11.12/ Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Ганпүрэв захиралтай “Тайж” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 1996 онд байгуулагдаж хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр мал, мах бэлтгэн, дахин боловсруулалт хийж эцсийн бүтээгдэхүүн гаргах, талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төмс, хүнсний ногоо хадгалан боловсруулах, хүнсний үйлдвэрлэлийн технологийн зураг төсөл бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг хангах, хяналт, үнэлгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах үндсэн чиг үүргийнхээ дагуу “Хүнсний туршлага шинжилгээний төв” нэртэй анх байгуулагдсан 50 жилийн түүхтэй эрдэм шинжилгээ, судалгааны институтийг 2008 онд “Тайж” ХХК хувьчлан авч “САМО” институт нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. “САМО институт” нь хүнсний салбарт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл судалгаа, туршилт явуулах, шинжлэх ухааны дүгнэлт гаргах үндсэн үүрэгтэй, эрдэм шинжилгээний байгууллага болон өргөжсөн талаар Л.Ганпүрэв захирал онцоллоо. Институтийн эрдэмтдийн малын дэлүүнээс гаргаж авсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу төмрийн бэлдмэл нь Монгол Улсын жилийн хоёр сая ам.долларын импортыг орлох бүтээгдэхүүн болж чадсан юм.
“Тайж” ХХК нь монгол эрдэмтдийнхээ олон жилийн судалгаа, шинжилгээ адуу, үхэр, гахайн 18 нэр төрлийн лаазалсан махан бүтээгдэхүүнийг дотооддоо нэмүү өртөг шингээн ОХУ-ын Москва, Сибирь, Санктпетербург хотуудад экспортолж, дэлхийн 90 гаруй орон оролцсон “Worldfood” Олон улсын уралдаанаас үхрийн махан лаазалсан бүтээгдэхүүнээр хүрэл медаль хүртэж, ОХУ-ын иргэдийн өдөр тутмын хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүн болжээ. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулан, цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийг хангах, хүнсний салбарын чанар аюулгүй байдлыг сайжруулах, салбарын бодлого шийдвэрийг танилцуулж, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллана хэмээн мэдэгдлээ.