Цаг үеийн мэдээ

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган энэ оны арваннэгдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазго хотноо зохион байгуулагдаж, олон улсын байгууллагын гишүүн 196 улсын цагдаа, хууль сахиулах байгууллагын удирдлагаас бүрдсэн 1000 гаруй төлөөлөгчид оролцлоо.  

Монгол Улсыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. 

Энэхүү чуулганаар дэлхий нийтээр хурдацтай тархаж буй хиймэл оюун ухааны технологи, хүний биеийн давтагдашгүй өгөгдлийн сангуудыг хууль сахиулах ажиллагаанд түлхүү ашиглах, ирээдүйд учирч болзошгүй заналхийллийн эсрэг иж бүрэн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх чиглэлээр олон чухал асуудыг хэлэлцэж, холбогдох тогтоолуудыг баталснаас гадна Интерполын Гүйцэтгэх хорооны 9 шинэ гишүүнийг 3 жилийн хугацаагаар сонгов.  

Чуулганы үеэр манай төлөөлөгчид БНХАУ, ИБУИНХУ, БНСУ, Сингапур, Турк, Франц, Малайз, Тайланд Улсын төлөөлөгчидтэй ажлын уулзалт зохион байгуулж, цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэдээлэл, санал солилцсон юм.  

Мөн Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Штокын бүрэн эрхийн хугацаа тус чуулганаар дуусгавар болж байгаатай холбогдуулан түүнийг орыг залгах сонгон шалгаруулалтад тэнцсэн Бразил Улсын төлөөлөгч Валдеси Үркизаг Интерполын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах тухай Гүйцэтгэх хорооноос өргөн барьсан саналыг төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр тэрээр тус албан тушаалд Өмнөд Америк тивээс томилогдсон анхны хүн боллоо. 

Таны сурталчилгаа