Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, М.Ганхүлэг, Ц.Идэрбат, М.Нарантуяа-Нара, М.Сарнай нар өнөөдөр (2024.11.12) Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв (СЭМҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв 1929 онд Хий судлалын больниц нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд эдүгээ 1963-2014 онд баригдсан долоон обьектод үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн үйл ажиллагаа нь сэтгэцийн эмгэгийг оношлох, эмчлэх, сувилах, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, урьдчилсан сэргийлэх болон Монгол Улсын хууль, Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улсын хэмжээнд анхан болон үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг мэргэжил, арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт явуулах гэсэн дөрвөн чиглэлтэй болохыг тус төвийн захирал Г.Анхболд танилцууллаа.
Байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-ийн Донтох болон Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник, мөн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиник, амбулаторийн үйл ажиллагаатай танилцаж, Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тасаг, клиникийн дарга нартай уулзлаа. Тус төвийн станционар хэвтүүлэн эмчлэх 550 ортой боловч сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлэгчид 244 байгаа юм. Энэ нь тус төвийн хэвтүүлэн эмчлэх хүчин чадлыг ихээхэн бууруулж буй аж. Иймд эдгээр хүмүүсийг зохих асрамжийн үйлчилгээнд шилжүүлэх буюу тийм боломжгүй тохиолдолд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллийн яамны асрамж, халамжийн зориулалт бүхий зардлаас санхүүжих шаардлагатайг СЭМҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг онцолсон юм. Тус төв өнөөг болтол төвийн шугам сүлжээнд холбогдоогүй, өвлийн улиралд уурын зуух ажиллуулж халаалт авдаг бөгөөд энэхүү дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж өгөхийг Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Баатаржав Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүдээс хүсэв. Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Н.Алтанзул тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадамжийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон бол нөхөн сэргээх, сэтгэл заслийн эмчилгээний эмч, Монгол Улсын гавьяат эмч Я.Сампил 2006 оноос олон улсын төслөөр эхлүүлсэн “Гэр эмчилгээ”-нийхээ талаар танилцуулж, СЭМҮТ-ийн эмчилгээнд эмийн болон сэтгэл заслын эмчилгээ хослохоос гадна эмчлүүлэгчдийг нийгмийн харилцаанд оролцуулж, амьдрах чадавх бий болгох явдал ихээхэн чухал болохыг онцолсон юм. Мөн Амбулаторын эрхлэгч, Анагаах ухааны доктор Т.Ганцэцэг, Хоёрдугаар клиникийн эрхэгч, Үйлдвэрний эвлэлийн хорооны дарга Б.Алтанзул нар төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлууд, ажиллах нөхцөл, цалин хангамж болон салбар хоорондын буюу Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын яамны эрхлэх асуудлын хүрээний хамтын ажиллагааны эрх зүйн болон зардал, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатайг дурдсан юм.
СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцсан УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар, “СЭМҮТ-ийн нөхцөл байдалтай танилцаад дараахь ажлуудыг шат дараатай хийх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Нэгдүгээрт, СЭМҮТ-ийн дэд бүтэц, эмч нарын ажиллах нөхцөл байдлыг сайжруулах. Хоёрдугаарт,2013 онд батлагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах цаг үеийн хэрэгцээ, шаардлага үүссэн юм байна. Гуравдугаарт, сүүлийн 11 жилийн хугацаанд Монголын сэтгэцийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг судалсан Олон улсын түвшний нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийгдэлгүй өдийг хүрчээ. Энэ суурь судалгааг хийснээр бид гарсан дүн шинжилгээ, статистиктаа тулгуурлан сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлд авч хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох боломжтой болох юм ” хэмээн дүгнэлээ.