2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэдэг байсныг цахимд шилжүүлнэ.
Өнөөдөр /2024.11.19/ Улаанбаатар хот дахь Гаалийн газраас иргэд, аж ахуй нэгжүүдэд гаалийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай болгож буй талаар мэдээлэл өгөх "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг Материал импекс болон Техник Импорт дахь гаалийн хяналтын бүсүүдэд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр УБГГ-ын дарга Б.Сүхбаатар гаалийн бүрдүүлэлтүүд хэрхэн цахимжиж буй талаар танилцуулж, ирэх оны 1-р сарын 01-ээс эхлэн авто машины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэдэг байсныг цахимжуулж байгаа талаар мэдээлэл өглөө.
Үүний үр дүнд импортлогч иргэн, ААН-үүд гаалийн мэдүүлгээ хэвлүүлж авах гэж дугаарлаж цаг алдахгүйгээс гадна АТҮТ-өөс гэрчилгээ авахаар очиход гаалийн мэдүүлэг цахимаар илгээгдсэн байх юм. Мөн гаалийн мэдүүлгийг хэвлэх шаардлагатай тохиолдолд E-Mongolia, ХУР-ДАН системээс өөрөө хэвлэх боломжтой.
Сонирхуулахад, гаалийн байгууллагын архив, болон импортлогчид зориулж нэг мэдүүлгийг 2 хувь хэвлэдэг гэж үзвэл цахимжсанаар жилд 1,8 тонн цаас хэмнэх тооцоо гарч байна.