Цаг үеийн мэдээ

Монгол Улс НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганаар “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ын хэрэгжилтийн талаарх ээлжит илтгэлээ хэлэлцүүлэв. 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганаар Монгол Улсын “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг болж, Монгол Улс энэхүү конвенцын тав дахь удаагийн илтгэлээ танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам (Женев дэх Байнгын төлөөлөгчийн газар), Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газрын төлөөлөгчид орж ажиллан, ээлжит илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ.

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал эрүүдэн шүүлтийн талаарх тодорхойлолтыг шинэчлэх, цагдан хорих байрны эрүүл ахуйн орчныг сайжруулах, эмзэг бүлгийн хүн амд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг хууль эрх зүйн тогтолцоог олон улсын хүний ​​эрхийн стандартад нийцүүлэх чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг танилцуулж, авлигын замаар олсон хөрөнгийг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд буцаан шилжүүлсэн бөгөөд нийт 13.9 тэрбум ам.долларын үнэлгээтэй авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг гадаадаас буцаан аваад байгааг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын Ерөнхий Прокурорын шийдвэрээр Авлигатай тэмцэх газрын эрх хэмжээнд эрүү шүүлтийн бүх хэлбэрийг мөрдөн шалгах үүрэг хүлээлгэсэн. 2017-2024 оны хооронд 31 хүнд холбогдох 15 эрүүдэн шүүлтэд хамаарах хэрэг бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар энэ төрлийн 15 хэрэг шүүхээр эцэслэгдэн бүрэн шийдвэрлэгдсэн бөгөөд 8 хэрэг мөрдөн шалгах шатандаа байгаа. 11 хүнд хорих ял оноосон бол 17 хүн хохирогч гэж тогтоогдсон талаар танилцуулав.

Чуулганы үеэр Монгол Улс хүний эрхийг хамгаалахад чиглэсэн үндэсний хэмжээний хэд хэдэн санаачилгыг хэрэгжүүлж буйгаа мэдэгдсэн. Тухайлбал, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах ажлыг эхлүүлж, эмзэг бүлгийн иргэдэд шүүхийн үнэ төлбөргүй тусламж үзүүлэх хууль эрх зүйн орчныг 2013 онд баталсан хуулийн хүрээнд өргөжүүлж байна. Үүнээс гадна Монгол Улс иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон Улсын пактын хоёрдугаар нэмэлт протоколд нэгдсэнээр цаазын ялыг бүрэн халсан нь хүний эрхийн салбарт томоохон алхам болсон юм.

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос хоригдогчдын хууль ёсны эрхийг хангах, тухайлбал, хууль зүйн зөвлөгөө, эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдсан байна. Мөн Монгол Улсад ажиглалтын болон хяналтын механизмын бие даасан байдлыг сайжруулах, хохирогчдод нөхөн төлбөр олгох ажлыг өргөжүүлэх, хууль сахиулагчдын хүний эрхийн талаарх сургалтыг сайжруулах зөвлөмжийг өгчээ.

Таны сурталчилгаа