Баярын уур амьсгал орж, хувь хүн, албан байгууллагууд Шинэ жилийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Үүний хажуугаар ГССҮТ-д архи хэтрүүлэн хэрэглэж улмаар гар хөлөө хөлдөөсөн иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. ГССҮТ-ийн эмч Б.Наранхүү “Ганцхан баяраар амьдрал дуусаж болдог шүү” хэмээн ярилаа.
Тэрээр “Нэгэн залуухан шинэхэн төгсөгч охин анхныхаа шинэ жилийн баярт орсон. Ажлынхантай хамт явсан, уусан, архи дарс хэрэглэсэн. Нэлээд биеэ хянах чадваргүй болоод гэр рүүгээ явсан. Харамсалтай нь гэртээ очоогүй. Манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Тухайн эмэгтэй биеийнхээ тодорхой хэсгүүд буюу гар хөлийг хөлдөөж, тайрагдсан. Нэгхэн өдрийн баяр, ажлын гараанд дөнгөж гарч буй охин энэ бол эмгэнэлтэй харамсалтай түүх” гэсэн юм.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдэж арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 433 хүн тус төвд яаралтай тусламж авчээ. Тухайлбал, төв эмнэлэгт 330, салбар эмнэлэгт 103 хүн яаралтай тусламж авсан байна. Үүнээс насанд хүрэгсэд 293, хүүхэд 140 байгаа юм.
ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Б.Наранхүү:
-Согтууруулах ундаатай холбоотой зонхилон тохиолдож байгаа кэйс бол гавал, тархины гэмтэл. Хүнд зодуулах, толгой тархиараа савж унах эсвэл зам тээврийн осолд орох, гаднын биетээр цохиулах гэх мэтээр ирдэг. Эдгээр гэмтлүүд ихэвчлэн толгой, цээж, хэвлийн гэмтэл үүсгэдэг. Согтуу явж байгаад савж унана гэдэг нь ямар ч хамгаалах механизмгүй саваад унаж байгаа. Тэгэхээр илүү хүнд гэмтэнэ. Өөрийгөө хянах чадваргүй учраас шууд гэртээ харьчихдаг, маргааш нь бүр хүндрээд ирэх тохиолдлууд байна. Согтууруулах ундаатай холбоотой аливаа гэмтэл бол нэлээд хүнд байдаг. Бусдад учруулсан хохирол ч бай, өөрт учруулсан хохирол ч бай эмнэлзүйн хувьд хүнд асуудлыг дагуулдаг.
Шөнийн 12 цаг өнгөрөөд ирэхээр дандаа гоёлын хувцастай, гоё сайхан залуучууд, бүсгүйчүүд их ирж байна.
ЦЕГ-ын ахлах дэслэгч Б.Ариунгуа:
Шинэ жилийн баяр ид өвлийн хүйтнээр болдог. Согтуурсан үедээ гадаа олон цагаар байсан, гадаа хоносон, ямарваа нэг шалтгааны улмаас осгож, хөлдөх тохиолдол элбэг байдаг. Бодит байдал дээр маш богино хугацаанд осгож хөлддөг. Үүнийг мэдэхгүйн улмаас осгож, гэмтэх магадлал өндөр байдаг.
ГАНЦХАН УДАА ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ТЭМДЭГЛЭХ ГЭСЭН БИШ НАСААРАА “ХАРАМСАЛТАЙ” ҮЛДСЭН ИРГЭН:
-Би 24 настай. Сургуулиа төгсөөд удаагүй, 3 сарын дараа дуртай компанидаа ороод мэргэжлээрээ ажиллаж байсан. Ингээд байгууллагын шинэ жил болсон. Нэлээд догдлол, хүлээлттэй, гоё мэдрэмжтэй орсон. Байгууллагынхан маань ч гэсэн гоё уур амьсгалтай, сайхан хамт олон байсан. Шинэ жилийн баяраараа нэлээд хөөрчихсөн, манай ажлынхан намайг угтаж авч байгаа гээд архиар шахсан. “Чи энийг уучхаач, чамайг угтаж авч байгаа шүү дээ” гээд зөндөө шахаж байсан. Анхны шинэ жил юм чинь гэж бодоод өгсөн болгоныг нь уугаад тасарчихсан юм шиг байна лээ. Шинэ жил дуусаад намайг орц руу хүргэж өгсөн гэж хэлсэн. Би тэр үйл явдлыг ерөөсөө санахгүй байгаа. Нэг мэдэхэд эмнэлэгт байж байсан. Гэрийнхэн ирчихсэн, эмч ирж уулзаад чиний хоёр хурууг тайрах боллоо гэхэд цочирдсон. Энэ шокоосоо гарч чадалгүй, сэтгэл гутралд орсон доо.
ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Б.Наранхүү:
-Юмс хэлж биш, хийсэж ирдэг. Шинэ жилийн үеэр дулаан хувцаслаарай гэж хэлэх ёстой байхгүй юу. Гэвч шинэ жилээр хэн ч гоё сайхан хувцаслахыг хүснэ. Ганц баяраар амьдрал дуусахгүй. Гэвч тэр хүний тухайд магадгүй нэг баяраар амьдрал нь дуусаж байна шүү дээ гэв.
Манайхан баяр ёслол гэхээр заавал архи дарс уудаг. Уг нь архи дарсыг баяр ёслолын үеэр сэтгэл сэргээж, хөгжиж цэнгэхэд багахан дэм тус болох хэмжээнд хэрэглээд сурчихвал зүгээрсэн. Гэтэл ихэнхдээ баяр тэмдэглэж байна гээд өөрийнхөө хэмжээг мэдэхгүй хэтрүүлэн хэрэглэснээс биеэ авч явах чадваргүй болчихдог нь нууц биш. Баяраа тэмдэглээд архи ууж байгаа хүмүүст захихад өөрийгөө аваад явах, орчин тойрноо мэдрэх чадвартай байхгүй бол таныг эмгэнэлт хувь тавилан угтахгүй гэх баталгаа алга.
Б.АМАРТҮВШИН
lalaruud
2024-12-19
arhi shahaj uulgaad ingej bgaashd neg negnii yumnii uvurt neg bol gemteld 4 muchgui serhiin m da er emgui