Өнөөдөр /2024.12.19/ "Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдийг тодруулж байна.
"Бөртэ чоно 2024" наадмын шилдэг тамирчнаар Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг тодорлоо.
М.Анхцэцэг: "Миний хувьд ДАШТ-ээс 5 дахь удаагаа медаль хүртэж Монгол улсад анхны 5 медальтай тамирчин болсон. Энэ бол миний хувьд үнэхээр үгээр хэлэхийн аргагүй том амжилт санагдаж байгаа. Энэ хүртэл хамт байсан үзэгч түмэндээ маш их баярлалаа. Намайг төрүүлж өсгөсөн ээж, аавдаа, багшдаа, хайртай ханьдаа, спортыг дэмждэг бүх байгууллагууд, Монголын хүндийн өргөлтийн холбоондоо бүгдэд нь чин сэтгэлээсээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Миний хувьд 10 настайгаасаа хүндийг өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн. Одоо нийт 17 жил хичээллэж байгаа. Энэ спорт маань маш хүнд спорт. Болохгүйгээс болох хүртэл маш олон зүйлийг золиосолж байж энд хүрсэн. Одоо боллоо гэж хэлмээр байна. Миний хувьд зодог тайлах шийдвэрийг гаргахдаа ямар ч байсан дэвжээн дээрээсээ дүүрэн мэдрэмжтэй бууж байгаадаа бас баяртай байгаа.
Хүүхэд байхаасаа маш том зорилготой байсан. Тэр зорилгынхоо төлөө маш их хичээсэн. Өдөр шөнө, өглөө, оройгүй. Бусад ямар ч зүйлд зарцуулах цаг хугацаа байхгүйгээр хичээсэн. Зорьсон бол зөвхөн энэнийхээ төлөө, энийгээ л харж, эндээ л амьдралаа зориулаарай. Яагаад гэхээр спортын амьдрал өөрөө үнэхээр богинохон. Тэрнээс цааш хүссэн бүх зүйлээ хийж болдог болохоор тэр хүртлээ бүх зүйлийг тэсээрэй, тэвчээрэй бас зүтгээрэй, хичээгээрэй. Хэчнээн хэцүү ч гэсэн буцаад ирэх хайр, буцаад ирэх амжилт, хүмүүсийн хүндлэл, бусад бүх юм нь үнэхээр гоё, өөртөө дүүрэн байх болно гэж хэлмээр байна.
Залуу байгаа нь цаашид хийх юм их байгаа юм шиг гоё санагдаж байна. Хэчнээн спортод 27 настай зодог тайлж байгаа ч гэсэн амьдрал дээр гарвал хүүхэд шахуу байгаа шүү дээ. Тэр нь гоё санагдаад, бүх салбар луу орж үзмээр санагдаж байна. Юм юм хийж үзмээр санагдаж байна.
Миний хань бид 2 танилцаад, үерхээд 7-8 жил болж байна. Бүх цаг хугацаанд боль гэж хэлж үзээгүй. Намайг ямар ч шийдвэр гаргасан хүлээн зөвшөөрдөг. Хэцүү бүхнийг хамгийн ойроос харж байсан хүн болохоор мэдээж ойлгож байгаа. Хамгийн түрүүнд аав, ээж, багш, гэр бүл ойр байдаг хүмүүс ямар их зүйл туулж өнгөрснийг мэдэж байгаа болохоор жинхэнээсээ "одоо амар даа" л гэж хэлж байгаа.
Өнөөдөр зодог тайлах мэдээнүүд гарч байна. Би өөрөө харж байгаа. Коммент болгоныг аль болох уншихыг хичээж байгаа. Яагаад гэвэл маш гоё нандин мөч тохиолдож байна надад. Хадгалмаар, хайрламаар. Энэ хүртэл бүх сэтгэл зүрхээрээ дэмжиж, хайрлаж, бүх цаг үед урам зориг өгч байсан нийт монголчууд, спортыг дэмждэг хүмүүс, дэмждэг байгууллагууд бүх хүнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Нийт монголчууддаа шинэ оны мэнд хүргэе" гэлээ.