Цаг үеийн мэдээ

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 төрлийн өвчлөлийг эх орондоо оношилж, эмчилж нутагшуулах бодлогын хүрээнд өнгөрсөн аравдугаар сард БНСУ-ыг зорьсон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нурууны мэс заслын эмч нар эхний сургалтаа дуусгаад түр хугацаагаар эх орондоо ирсэн билээ.   

Тус багт ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн их эмч М.Цэлмэг, Б.Тайванбат, А.Бадмаараг нар багтсан бөгөөд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлэг болон “Korea” их сургуулийн “Ansan” эмнэлэгт нурууны мэс засал, нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн мурийлт, гажиг согогийн мэс засал, нурууны нугалмыг солих мэс заслын чиглэлээр 1 жилийн хугацаанд Мэдрэлийн мэс заслын эмч, профессор Им Су Биний удирдлага дор суралцаж буй юм. 

Энэхүү сургалтын хүрээнд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлгийн сургагч багш Им Су Бин энэ сарын 17-нд ГССҮТ-д зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцахын сацуу нурууны мэс засал эмчилгээний дэвшилтэт аргуудын талаар эмч мэргэжилтнүүдэд сургалт хийлээ. 

Түүнчлэн суралцагч эмч нарын хамт бүсэлхийн нугалмын дегенератив мурийлт, хүзүүний олон түвшний нугасны сувгийн нарийсал, мэдрэлийн ёзоор дарагдсан үйлчлүүлэгчид мэс засал эмчилгээ хийсэн байна. 

Үндэсний багийг чадавхжуулах сургалтад хамрагдаж буй эмч нарын хувьд, цаашид нурууны мэс заслын оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг эх орондоо нутагшуулахаар зорьж байгаа юм. 

Таны сурталчилгаа