Нийслэлийн айл өрхийг шахмал түлшээр хангаж, утааг бууруулах үндсэн зорилготой “Тавантолгой түлш” компанийн зүүн бүс дэх үйлдвэрт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ажиллалаа.
Утаа гамшиг боллоо, сайжруулсан гэх шахмал түлшний чанар стандарт, орц, найрлагад технологийн алдаа бий болсноос үүдэж, агаарын чанар муудаж, иргэдийн түлшний хэрэглээ өссөн, агаар дахь тоосонцрын хэмжээ аюулын төвшинд хүрлээ гэх иргэд, олон нийтийн гомдлын дагуу НИТХ-ын дарга А.Баяр шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилт, зүүн бүсийн үйлдвэрийн шат дамжлага болох мидлинг бутлалт, холилт, хэвлэлт, хатаалт, савлагаа, тээвэрлэлт, ажилчдын ажиллах орчны нөхцөл байдал, “Энержи ресурс” компанийн уурхайгаас тээвэрлэгдэн ирж буй мидлинг эцсийн бүтээгдэхүүн болж айл өрхийн хэрэгцээнд очих хүртлээ ямар зам, шат дамжлага туулдаг болохтой танилцлаа.
Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр “УОК, УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны ажлын хэсэг гэх мэт утааг бууруулахад анхаарч ажиллах Ажлын хэсгүүд байгуулагдсан байгаа. НИТХ-аас гаргасан Ажлын хэсгийн тухайд, “Тавантолгой түлш” компани болон бусад ажлын хэсгийнхэнтэй ажлаа хэрхэн уялдуулах вэ, ямар асуудал бэрхшээл тулгарав, 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайжруулахын тулд өөр ямар шийдэл байж болох вэ гэдэгт санал, санаачилгаа нэгтгэе. Олон нийтийн эргэлзээд байгаа түлшний үйлдвэрлэл горим, технологи алдагдав уу гэдгийг нүдээр үзэж, эргэлзээг тайлж, та бүхэнтэй цаашид хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллаж вэ гэдэгт зорино” гэдгийг онцоллоо.
“Тавантолгой түлш” компанийн Ерөнхий инженер Ц.Алтансүх “Бид “Энержи Ресурс” компанийн Ухаахудгийн уурхайн баяжуулах үйлдвэрийн угааж ангилсан нүүрсний завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрс (мидлинг)-ийг гол түүхий эдээ болгодог. Тус эрчим хүчний нүүрсний стандартыг Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн газраас 2011 онд баталсан. Тус мидлинг нь шахмал түлшний орцны 95 хувийг эзэлдэг. Барьцалдуулагчийн тухайд иргэдэд төдийлөн мэдээлэл байдаггүй бололтой. Бид нийлмэл төрлийн барьцалдуулагч ашиглаж байна. 2019-2022 он хүртэл зөвхөн цардуул болон бентонитын орцтой барьцалдуулагч ашиглаж ирсэн. 2022 оны аравдугаар сараас дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн эслэг болон доломитын орцтой барьцалдуулагчийг давхар ашиглаж байна” гэв.
Шахмал түлшний орц дахь таван хувийг эзэлдэг нийлмэл барьцалдуулагч гэдэг нь цардуул, бентонит, целлюлоз, доломит гэх дөрвөн агуулгаас бүтдэг аж. Тус компани өдгөө 1850 ажилчинтай бөгөөд 166 инженер үйлдвэр, цех бусад хэсэгт ажиллаж байна. Үүнээс 11 зөвлөх инженер, 114 эдийн засагч, эрх зүйч-хуульч мэргэжилтэй мөн тооны хүн манайд бий гэдгийг Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг хэллээ.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа “Баяжуулсан нүүрсээ солиход ямар хэмжээний зардал нэмэгдэх вэ, энэ талын тооцоолол байна уу, шаталт дэмжих нэмэлт бодис буюу “Green coal”-ийг оруулаад ирвэл азот болон хүхрийн исэл буурах юм байна. Шаталт сайжрах юм байна. Хаягдал, үнс эрс багасах юм байна гэж ойлголоо. 32 мянган зуух тараах шийдэл яригдаж байгаа. Давхар шаталттай энэ зууханд манай нүүрс тохирно, тохирохгүй гэсэн туршилтын дүнгээ танилцуулаач. Богино хугацаанд хамгийн сайн шийдэл энэ мөн үү гэдэгт албан ёсны хариу өг. Энэ зуухыг айл өрхөд тарааснаар утааг хэдэн хувиар бууруулах боломжтой вэ. “Green coal”-ийг оруулаад ирвэл технологио өөрчлөхөөр зардал нэмэгддэг. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд өртөг буурах, нэмэгдэх асуудал бий. Энэ тухайд ямар шийдэл хайж байгаа вэ. Сайн шийдэл олъё. Ажиллаж байгаа хүмүүсийг буруутгахаасаа илүү стандарт, технологио хамтран сайжруулъя. Бидний уулзалт, хамтын ажиллагааны дараа үр дүн гарах ёстой шүү” гэдгийг хэлж, албаныхны хариултыг авлаа.
Төлөөлөгч Ү.Оюунзул “Утаа та бүхний нүдэнд гамшгийн хэмжээнд хүрчихлээ гэж харагдаж байна уу. “Энержи Ресурс” компаниас авч байгаа мидлинг буюу түүхий эдээ өөр газраас авч, сайжруулж болох уу. Стандартаа сайжруулах боломжтой юу. Нийслэлээс айл өрхүүдэд тараах гэж байгаа 32 мянган зууханд танай түлшийг түлбэл утаа багасна, шаталт сайн байна гэсэн судалгааг танайх нийслэлтэй хамтарч хийсэн үү. Айл өрхүүдээс нүүрс нойтон байна. Хавар аваад хураасан нүүрсээ намар гаргаад түлэх гэтэл хөгцөрч муудсан гэж байна. Тортог их, бутарч шатахаа больсныг хэрэглэгчид хэлээд байна. Өдөрт нэг хувин нүүрсээр өнждөг байсан бол өнөөдөр 5-6 хувин нүүрс түлдэг боллоо гэж байна. Энэ бүх гомдол танайд ирдэг үү” хэмээсэн бол төлөөлөгч Б.Ану-Үжин БНСУ яг бидэн шиг утаагүй түлш хэрэглэдэг. Монгол Улсын дагаж мөрдөж байгаа стандарт Солонгосын мөрддөг стандарттай ижил байх боломжтой юу. Манайх түлшнийхээ стандартыг илүү сайжруулах тал дээр хэр анхаарч ажиллаж байна вэ” хэмээн асуув.