Цаг үеийн мэдээ

Биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд нь хоорондоо салшгүй холбоотой. Хүмүүс биеэ өвдөхөд эмчид очиж үзүүлдэг бол сэтгэл санаа таагүй болох үед тоолгүй орхих нь түгээмэл. Иймд өөрийгөө ажиглах, өөрийн дотоод ертөнцөд болж буй зүйлсийг анзаарах нь чухал юм. Биеийн эрүүл мэнд болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарснаар амьдралын чанарт эерэг өөрчлөлтүүд гарч, сэтгэл санааны байдал удаан хугацаанд тогтвортой байх үндэс болдог. 

Танд эдгээр 5 шинжүүд илэрч байвал СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ болсны дохио юм. 

Амархан бухимдах 

Хүн удаан хугацаанд стресст өртөх үедээ амархан уурлаж, цухалдаж эхэлдэг. Бусдын хэлж буй санал, шүүмжлэлээс залхаж бүх л зүйлс төвөгтэй санагдаж байвал хэсэг хугацаанд цэвэр агаарт гарч, шинэ сонирхолтой зүйл оролдоод үзээрэй.

Тайван унтаж амарч чадахгүй байх

Түгшүүр болон сэтгэлийн хямрал нь биднийг нойргүйдэлд хүргэдэг. Харин эсрэгээрээ ердийн үеэс хэт их унтах нь бие ядарч сульдсаны шинж тэмдэг болдог. Тиймээс тогтмол цагт унтаж амрах, тогтмол цагт сэрэхийг хичээгээрэй. Мөн 7-8 цаг унтаж бүтэн нойроо авах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болохыг олон судалгаагаар баталсан. 

Уур уцаартай сэтгэл хөдлөлийн илрэл их байх 

Цочимтгой байдал, түргэн уурлах, урам хугарах, эсвэл сэтгэл хөдлөлийн нэг туйлаас нөгөө туйл руу огцом шилжих зэрэг нь таны сэтгэцийн эрүүл мэнд тааруу байгааг илтгэх тул бодлоо цэгцлэх дээр анхаарах хэрэгтэй.

Эрч хүчгүй байх

Орноосоо босоход хэцүү, дуртай байсан зүйлдээ дургүй болох, бие махбодын хувьд ядарч сульдах, баяр баясалгүй байх зэрэг нь сэтгэл зүйн байдал тогтворгүй байгаагийн нэг илрэл ба хэрэв ийм байдалтай удаан явбал сэтгэл гутралд орох магадлал ихэсдэг. Өөрийн дуртай хөгжмөө сонсох, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох зэрэг дээр анхаараад нэг үзээрэй. 

Анхаарал төвлөрөхөд хэцүү байх

Зарим тохиолдолд богино хугацааны анхаарал төвлөрөхгүй байх нь хэт их стресстэй холбоотой байдаг. Хичээл эсвэл ажлаа хийх гээд суусан ч төвлөрч чадахгүй, юм ойлгохгүй, шинэ мэдээлэл хүлээн авах чадваргүй болж ой тогтоолт муудаж, аливааг хийхэд хэцүү болсон мэт санагдаж байвал бодлоо цэгцлэх цагийг гаргаарай.

Таны сурталчилгаа