Сайжруулсан зуух тараах нь зөв үү, буруу юу? Гэх асуулт нийгэмд хариултгүй үлдсэн. Энэ бол үр ашиггүй зардал, халамж нэртэй тэжээлийн бодлогоор иргэдээ угжлаа гэх мэтээр иргэд үзэл бодлоо илэрхийлсэн. Нөгөө талаасаа зуух худалдан авах боломжгүй иргэд угаартах эрсдэлтэй байгаа талаар төр засаг ярьж хэлэв. Энэ сэдвээр элдэв хачиргүй, бодит байдлыг харуулсан сурвалжилгыг бэлдлээ.
Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн Сонгинохайрхан дүүрэг хариуцсан мэргэжилтэн Ө.Ариунзаяа:
-Айлуудад стандартын дагуу төслийн зуух, пийшин хэрэглэхийг шаарддаг. Гэсэн хэдий ч зах зээл дээрх стандарт зуух өндөр үнэтэй байдаг. Яалт ч үгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй бага насны хүүхдээ гэртээ хардаг өрх толгойлсон ээжүүд, ганцаараа ажилладаг өрх толгойлсон аавууд байна. Ганц биеэр амьдарч байгаа өндөр настай өвөө, эмээ нар Сонгинохайрхан дүүрэгт маш их байдаг. Тэдэнд зуух авах боломж бараг байхгүй гэлээ.
Шинэ зуух өгвөл авчихмаар байна
Бид Сонгинохайрхан дүүргийн өндөр настан Х.Батбаатарынд очлоо. Тэрээр ганц биеэр амьдран суудаг бөгөөд сонсголын бэрхшээлтэй. Зуух нь эвдэрч хэзээ мөдгүй угаартах эрсдэлд орсон байлаа. Зуухны дээд хэсэг салж, улмаар тээглүүр хийж аргацаажээ. Биднийг очиход галлагаа хийсэн байсан бөгөөд зуухны дээд хэсгийг бэхэлдэг боолтууд нь мултарч угаар алдсан байдалтай байлаа. Түүнчлэн зуухны ширэм хагарчээ.
Тэрээр “Миний өөрийн зуух хойд амбаарт байгаа. Ширэм нь хайлж нурж унасан. Манай хуурай эгчийнх дээд аманд байж байгаад нүүж явсан. Зуухыг нь авч үлдсэн. Анх ирэх дээ дээд тал нь задарсан байсан. Доош нь дарах гэж зөндөө оролдсон.
Миний өөрийн зуух бол авах юмгүй болсон. Доод талын тоосгонууд нь нурж унасан. Ширэм нь хайлаад уначихдаг юм билээ. Угаартчих гээд байх юм билээ” гэсэн юм.
Түүнээс зуух худалдан авах эсэх талаар асуухад “Энэ зуухаараа аргалсан нь дээр. Хуучин ч гэсэн тордоод явуулаад байдаг юм” гэлээ. Сайжруулсан түлшний талаар асуухад “Манайх хүйтэн болохоор түлш их ордог. Зургаан шуудай нүүрс, яг зургаа хонодог” гэлээ. Үргэлжлүүлэн “шинэ зуух өгвөл авна” гэсэн юм.
Сонгинохайрхан дүүрэг хариуцсан мэргэжилтэн Ө.Ариунзаяа:
-Бид өөрсдийн зүгээс жил бүр хандивын аян зохион байгуулдаг. Бөөнөөрөө мөнгөө цуглуулж шаардлагатай айлууддаа яндан, пийшин, зуух авч өгдөг гэлээ.
Иргэн: СХД-ийн 90 хувь нь зуухаа авах чадваргүй
Дараа нь олон хүүхэдтэй айлд очсон юм. Гэрийн эзэн өөрийн нэрийг нууцалж өгөхийг биднээс хүсэв. Тэднийх гэрт амьдардаг. Зуухны ширэм нь дундуураа хоёр хуваагджээ. Ийн эвийг нь тааруулж, таглан гал түлдэг ажээ. Зуухны дотор төмрөө солиод удаагүй ч дахин хагарчээ. Угаартах эрсдэл маш өндөр болсныг албаны хүмүүс ярьж байлаа.
Тэрээр “Яг стандартын зуух тавих гээд асуусан. 850 мянган төгрөг гэнэ. Тэр зуухыг авна гэхээр бөөн мөнгө. Зуухаа янзлуулах гээд 100 айлаас хүмүүс дуудсан боловч гэр хороололд гэх шалтгаанаар их хэмжээний мөнгө нэхсэн.
Энэ зуухаа сольчихмоор байна. Би цалингаас цалингийн хооронд амьдардаг. 800 мянгаар нэг зуух авна гэдэг бол чанга.
Сонгинохайрханд бараг зууны 90 хувь нь зуух худалдан авах чадваргүй. Сошиалд эсэргүүцэж байгаа хүмүүс гэр хорооллын амьдралыг мэддэггүй. Байранд байдаг хүмүүс нь тийм зүйл бичиж байгаа байх. Гудамжаар яваад иргэдээс асуугаад үз” гэлээ.
Түүнийг гэртээ эзгүйд хүүхдүүд нь галаа түлдэг. Бага насны хоёр ч хүүхэд энэ гэрт амьдардаг. Ширэмний хагарсан хэсэг гал руу унахад хүүхдүүд угаартах эрсдэлд байна.
Өрхөө бүтээж, хаалтаа хаах нь угаартах шалтгаан болдог
Дараагийн айл их сонирхолтой байдлаар дулаалгаа хийсэн байлаа. Жижиг хашааны ар хэсэгт гэрээ барьж, гэр хашаа хооронд модоор амбаар маягийн зүйл хийжээ. Ингэснээр хашааны тал хэсэг нь шахуу тухайн айлын гэр болсон байлаа. Амбаар дээгүүрээ эсгий болон хөвөнгөөр дулаалга хийсэн харагдана.
Гэрийн эзэн “Зуухны сайн муудаа биш галлагаагаа зөв л хийх нь чухал. Х.Нямбаатар дарга зуух тараана гэнэ. Буруудах зүйл байхгүй. Гэхдээ утаа гарахгүй гэсэн үг биш. Ядруухан гэх юм байхгүй. Би ч ядуу хүн.
Энэ түлшний чанар өөр болж. Хаталт муутай байна. Тортог ихтэй болж.
Яндангийн хаалт гэдэг юм байна. Бүрэн гүйцэд шатаж байгаа эсэхийг шалгаж байж хаах хэрэгтэй. Хүмүүсийн угаартдаг асуудал хаалтаас болж байгаа. Өрх бүтээдэг бас их буруу” гэлээ.
Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн төвийн ахлах эмч Б.Баярбат:
-Галлагаа эхэлсэнтэй холбоотой ачаалалтай байна. Хоногт 10 орчим хүн ирдэг. Угаарын хийн хордлогын үед цаг хугацаа чухал. Угаартсан хүнд төв мэдрэлийн системд хохирол учирдаг. Хүнд зэргийн угаартаж, тархинд эргэшгүй өөрчлөлт гарсан бол саа саажилт үүсэж, хөдөлмөрийн чадвараа алдана. Утаа мэдрэгч ажиллаж байгаа эсэхийг шалгаж байх нь чухал. Зориулалтын шахмал түлшний зууханд галлагаагаа хийх нь чухал байна гэлээ.
Б.АМАРТҮВШИН