Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга, Зөвлөлийн дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг баталлаа. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журам, заавар батлах тухай, Зорчигч тээврийн үйлчилгээний бүлэгт хамаарах хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 18 асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр танилцууллаа. Энэхүү “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлснээр дэд бүтэц, бүтээн байгуулалтын хувьд нэн онцлогтой, олон талын ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Тухайлбал, цахилгаан болон дулаан хангамжийн сүлжээнд гэхэд Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 1.169 МВт байгаа бол 2040 онд 5.408 МВт болж нэмэгдэх бөгөөд эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцаас хангахаар тооцоолжээ. Одоогоор хотын дулааны ачаалал 3.820 МВт байгаагаас 7.480 МВт болж нэмэгдэх бөгөөд үүнийг хэсэгчилсэн дулааны эх үүсвэр 15 байршилд байгуулж шийдэхээр төлөвлөсөн талаар танилцууллаа.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг болон бусад асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит II чуулганаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ. Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Отгонболд, Б.Дөлгөөн, Г.Ууганбаяр, Б.Сэргэлэнбаатар, О.Зундуйдорж нар хэлэлцэж буй асуудлуудтай холбоотойгоор асуулт асууж, хариулт сонслоо. Энэ үеэр танилцуулгыг товч, тодорхой, олон нийтэд ойлгомжтой бэлтгэхийг холбогдох албаныханд санууллаа. Өнөөдрийн Зөвлөлийн хуралдаанд хэлэлцэж буй 18 асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амгалан, Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Баярсайхан, холбогдох бусад албан тушаалтнууд оролцож санал болон нэмэлт тайлбар мэдээллийг өглөө.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:
- Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн танилцуулга
- Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журам, заавар батлах тухай
- Хотын стандарт батлах тухай
- Зорчигч тээврийн үйлчилгээний бүлэгт хамаарах хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох тухай
- Нийслэлийн нутаг дэвсгэрт хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай
- Нийслэлийн ИТХ-ын 2024 оны 24/33 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
- Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай
- “Дун-өргөө” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай
- “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай
- “Агро-сити” болон “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийг томилох асуудлын танилцуулга
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр Нийслэлийн хэмжээнд 2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан
- Ой тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай (Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул)
- Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай
- Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
- Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
- Хурлын Зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
- Нийслэлийн ИТХ-ын ээлжит II хуралдааныг товлон зарлах тухай хэлэлцэв.