Цаг үеийн мэдээ

“Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын АШТ-д хамгийн олон буюу 12 удаа түрүүлсэн гавьяат тамирчин Д.Оюунболдын нэрэмжит чөлөөт бөхийн 2025 оны УАШТ-ий нээлтийн ёслол боллоо. 

Нээлтийн үеэр Монголын чөлөөт бөхийн холбооноос Д.Оюунболд агсны гэр бүлд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав. 

Д.Оюунболд агсны үүсгэн байгуулсан “Хангай” клубийн үе үеийн тамирчдын төлөөлөл багшийнхаа гэр бүлд мөн хүндэтгэл үзүүлсэн юм.

Нээлтийн ёслолын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны дээд шагнал “Ялалт” одонгоор чөлөөт бөхийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхмүүдийг шагнаж урамшуулснаас гадна УАШТ-д хүрэлцэн ирсэн ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагнал гардуулан өглөө. 

Улсын шүүгчийн болзлыг биелүүлсэн шүүгчид тэмцээний ерөнхий шүүгч Ю.Батсайханаас шүүгчийн үнэмлэх, тэмдгээ нээлтийн ёслолын үеэр гардан авав.

Мөн орон нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж, олон сайн тамирчин бэлдэж буй хөдөө орон нутгийн багш дасгалжуулагчдыг холбооны зүгээс шагнаж урамшууллаа. 

Энэ жилийн УАШТ-д хөдөө орон нутгаас Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор аймгийн тамирчид оролцож буй. УАШТ-д баг тамирчдаа бэлдэн оруулж буй эдгээр аймгийн багш дасгалжуулагчдад холбооны зүгээс хэрэглэл материал гардуулан өгсөн юм.

Яг одоо УАШТ-ий өнөөдрийн долоон жингийн медалийн төлөөх барилдаанууд Монгол бөхийн өргөөнд үргэлжлэн явагдаж байна. 

Таны сурталчилгаа